Хойд Солонгосын хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, хүндхэн байгаа талаар НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагаас олон улсын хамтын нийгэмлэгт хандан Хойд Солонгосын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэхийг уриалжээ.
“RT” агентлагийн мэдээлснээр дээрх байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бисли энэ сарын 8-11-нд Хойд Солонгост айлчилсан байна. Тус улсын нийгмийн нөхцөл байдалтай танилцсан тэрбээр өчигдөр Сөүлд мэдэгдэл хийжээ. “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагын гүйцэтгэх захирал “БНАСАУ-д олон мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон байна. Гэхдээ 1990-ээд оных шиг өлсгөлөн болсон гэж харагдсангүй” гэсэн байна.
Дэлхийн улс орнууд Хойд Солонгост тусламж үзүүлэх нь эрс буурсан гэсэн судалгааны дүн гарчээ. НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бисли “Хүүхдүүд улс төрийн үл ойлголцлын золиос болж байна. Ийм зүйл байх ёсгүй” гэж онцлон хэлжээ.
Сэтгэгдэл (2)