Ромын пап Францискуд бэлэглэсэн цор ганц хувь, спортын Lamborghini Huracan машиныг Монакад бямба гарагт болсон дуудлага худалдаагаар 715 мянган еврогоор худалдсан байна. Энэ мөнгийг буяны үйлст зарцуулна гэж католкийн сайн үйлсийн “Мөргөлчдөд туслах сан” мэдээлжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард пап ламд Lamborghini фирмийн удирдлага эртний майяачуудын салхины бурхныг бэлгэдсэн цагаан өнгийн машин бэлэглэхэд үүнийг Sotheby`s –ийн дуудлага худалдаагаар худалдаж мөнгийг нь буяны үйлст зарцуулна гэж зарлажээ.
Одоо энэ мөнгийг гурван ч төсөл хэрэгжүүлэхэд зарцуулна гээд юун түрүү иракийн Ниневи районд амьдардаг христ шашинтнуудын орон сууц болон нийгмийн зориулалттай барилга байшингуудыг сэргээн босгоход зарцуулна гэлээ. Энэ дүүргийг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн 2014 оноос хойш эзэмшиж ихээхэн сүйтгэсэн юм байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр христийн шашинтнууд төрсөн нутагтаа эргэн очиж амьдрах боломж бүрдэх гэнэ.
Дараагийн төсөл нь “Пап Францискогийн байшин” нэртэй, Иоанн ХХIII-ын эмэгтэйчүүдэд тусалдаг нийгэмлэгийг дэмжих хөтөлбөр. Энд ихэвчлэн хүний наймааны золиос болсон, өмнө нь биеэ үнэлэгч байсан эмэгтэйчүүдийг хамруулдаг юм байна.
Мөнгөний нэг хэсгийг африкийн орнуудын хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж үзүүлдэг италийн хоёр ч хүмүүнлэгийн байгууллагад шилжүүлж өгнө гэнэ.
Ойролцоогоор 200 мянган ам.долларын өртөгтэй энэ Lamborghini Huracan машиныг 2014 оны гуравдугаар сард Женевт болсон автосалонд тавьж үзүүлж байсан юм байна. Гэхдээ Ромын папад тусгайлан угсарсан тансаг хувийг нь бэлэглэсэн гэнэ.