Йерусалим хотын АНУ-ын Элчин сайдын яамны нээлтийн ёслолын айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-аас Израйль улсад суух Элчин сайд Дэвид Фрийдман, Төрийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин, Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер, мөн Иванка Трамп, олон улсын хэлэлцээний тусгай төлөөлөгч Жэсон Грийнблатт нар багтаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өнгөрсөн долоо хоногт Элчин сайдын яамны нээлтэд оролцож магадгүй тухай мэдэгдэж байсан ч, одоогоор албан ёсны мэдээлэл алга байна. АНУ өнгөрсөн 2017 оны сүүлчээр Йерусалим хотыг Израйлийн нийслэл мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон юм.
Тиймээс Элчин сайдын яамаа Израйлийн нийслэл рүү шилжүүлэх тухайгаа ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу тус улс тавдугаар сард Израйлийн Тил Авив хот дахь Элчин сайдын яамаа Йерусалим хот руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа ч Израйль улс тусгаар тогтносны 70 жилийн ойн өдөр буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр зарласан юм.
АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэж байгаагаар Элчин сайдын яамаа Йерусалим хот руу нүүлгэх үйл явцыг хэд хэдэн үе шаттай хийхээр төлөвлөсөн байна. Нүүлгэн шилжүүлэх үйл явцыг тавдугаар сараас эхэлж, 2019 оны жилийн эцэс гэхэд Израйлийн нийслэл Йерусалим хот дахь АНУ-ын шинэ Элчин сайдын яамны үйл ажиллагаа жигдэрсэн байхаар тусгасан байна.
АНУ-ын Конгрессын дээд танхим 1995 онд баталсан, Элчин сайдын яамаа Иерусалим хот руу 1999 оны тавдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх хуулийг дагаж мөрдөхийг Вашингтоноос уриалсан тогтоолын төсөл баталсан юм.
Трампаас өмнөх Ерөнхийлөгч нар энэ хуулийг хэрэгжүүлэхийг хойш тавьж ирсэн бөгөөд Иерусалим хотын статусыг израйльчууд, палестинчууд яриа хэлэлцээгээрээ тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байсан юм.
Сэтгэгдэл (1)