БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпиний ажлыг авна хэмээн нэрлэгдэж байсан төрийн өндөр албан тушаалтан Сун Зенцай 26 сая долларын авлигын хэргээр шийтгэгдэж бүх насаар нь хорих ял сонслоо.
Коммунист намын Бодлого боловсруулах хорооны (politburo) гишүүн бөгөөд Чонгин хотын намын даргаар ажиллаж байсан тэрээр Хятадын авлигын эсрэг кампанит ажлын хамгийн өндөр албан тушаалтай яллагдагчдын нэг боллоо. Энэхүү үйл явдал нь авлигын хэрэг гэхээс илүүтэй ерөнхийлөгч Ши Жинпин өөрийн өрсөлдөгч нараа хөөн зайлуулах гэсэн ажил хэмээн шүүмжлэгчид үзэж байна.
Тианжин хотын шүүгч “Сун нь мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажилласан тул “хөнгөн” ял сонслоо” хэмээн хэлжээ. Тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт ашиг хонжоо олсон хэмээн яллагдсан бөгөөд завшсан гэх хууль бус хөрөнгийг нь хураан авах шүүхийн шийдвэр гарсан байна.
54 настай Сун нь намын 25 гишүүнтэй бодлого боловсруулах хорооны хамгийн залуу гишүүн бөгөөд өсөж буй од хэмээн нэрлэгдэж байсан юм. Тэрээр 2012 онд мөн авлигын хэргээр ял сонссон Бо Шилайгийн оронд тус улсын хамгийн том хотуудын нэг Чонгин хотын намын даргаар томилогдон ажиллаж байв. Мөн тэрээр нэгэн үед намын Бодлого боловсруулах хорооны долоон гишүүнтэй Байнгын хорооны гишүүнээр сонгогдож, ерөнхийлөгч Шигийн шууд удирдлагад ажиллаж байсан бөгөөд 2022 оноос намын дарга болох хүн хэмээн нэрлэгдэж байжээ.