Европын холбооны дээд төлөөлөгч Федерика Могерини болон Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч улсууд болох Герман, Их Британи болон Франц улсын ГХЯ-ны удирдлагатай Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон улсын хэлэлцээрийн эргэн тойрны асуудлыг хэлэлцэхээр Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф энэ сарын 15-нд Брюссельд айлчилна. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухай шийдвэр гаргасантай холбоотойгоор тус хэлэлцээрийг дагаж мөрдөх бодит баталгааг хэлэлцээрт оролцогч улсуудаас Ж.Зариф хүсэх аж. Уулзалтыг сайд нарын түвшинд хийх тухай Ираны дипломат эх сурвалж мэдээлсэн хэдий ч тус уулзалтад Герман, Их Британи болон Францын гадаад хэргийн сайд нар оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Ж.Зариф өчигдөр Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон болон Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан нартай утсаар ярьж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний талаархи цаашдын асуудлыг хэлэлцжээ.