Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар гуравдагч орнуудад дэд бүтцийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Үүний тулд хоёр улсын корпорацуудын форум зохион байгуулах аж. Энэ тухай өчигдөр Токио хотноо болсон уулзалтынхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тус хоёр улсын ерөнхий сайд нар мэдэгдлээ.
Японы ерөнхий сайд төрийн болон хувийн хэвшлийнхний энэ шинэ форум нь хоёр улсын гуравдагч орнуудад дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Хоёр орны засгийн газрын тэргүүн нар уулзалтынхаа үеэр Солонгосын хойгийн асуудлыг нухацтайгаар хэлэлцсэнийг тэрээр мэдэгдсэн. Энэ үеэр Умард Солонгосын удирдагчийн Хятадын Далянь хотод хийсэн айлчлалын талаар мэдээлэл солилцсон байна. Хэдийгээр, Умард Солонгосын зүгээс нааштай алхмууд хийж байгаа ч тус улсын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудаар авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч, цаашид шаардлагатай тохиолдолд Умард Солонгостой холбоотой асуудлаар хамтарсан арга хэмжээ авахаар тохиролцжээ.
Мөн энэ үеэр Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Япон улсын ерөнхий сайдыг Хятад улсад айлчлахыг урьсан байна. Ерөнхий сайд Шинзо Абэ энэ урилгыг нь хүлээн авснаа ч мөн мэдэгдсэн юм. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд хоёр улс харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь бүс нутаг төдийгүй дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэн хэлсэн байна. Үүний зэрэгцээ Япон, Хятад улсууд санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцлоо. Энэ дагуу Хятад улс Японы хөрөнгө оруулагчдад зориулж 30 тэрбум ам.долларын квот олгохыг зөвшөөрсөн байна. Энэ нь Японы хөрөнгө оруулагчдад Хятадын нутаг дэвсгэрт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг юаниар авах боломжийг нь нэмэгдүүлж өгч байгаа юм. Мөн Хятадын мөнгөн тэмдэгтээр санхүүгийн гүйлгээ хийх анхны банкийг Японд байгуулах ажлыг эхлүүлэхээр 2 улсын засгийн газрын тэргүүн нар тохиролцсон байна.