НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Анотониу Гутерриш өчигдөр Кубын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Мигел Диас-Канелтэй уулзжээ.
Уулзалтын үеэр талууд олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэхийн сацуу цаг уурын өөрчлөлт болон 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэлэлцсэн байна.
“Куб улс НҮБ-ын дүрэм журам хийгээд Латин Америк болон Карибийн тэнгисийн сав газрын бүс нутгийг энх тайвны бүс гэж зарласан тунхаглалын зарчмуудыг баримталсаар байгаа” гэж Диас-Канель хэлсэн байна.
А.Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болсноосоо хойш Куб улсад анх удаа айлчилсан нь энэ юм. Өнөөдөр тэрбээр Хавана хотод болох Латин Америк, Карибийн тэнгисийн сав газрын бүс нутгийн НҮБ-ын эдийн засгийн комиссын 37 дугаар чуулганы нээлтэд оролцох аж.