МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний албан тушаалдаа орох ёслолын үед уламжлалт "Мерседес" маркийн хөнгөн тэрэг бус харин Орост "Кортеж" төслийн хүрээнд үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн суудлын тэрэг хөлөглөв.
Путин Кремлийн ордны нэгдүгээр байраас Кремлийн Их ордон руу “Сенат-лимузин” гэж нэрлэсэн хар өнгийн тансаг зэрэглэлийн суудлын тэргээр очсон юм. Уг шинэ машины бүх эд ангийг Орост үйлдвэрлэсэн юм байна. Түүний урт нь 6,62 метр, өргөн нь 2 метр, өндөр нь 1,695 метр, их бие нь газраас 20 см өндөрт юм байна. Машинд 4,4 литрийн багтаамжтай, 598 морины хүчтэй хос турбин хөдөлгүүр суулгаж өгсөн байна.