ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдоод байгаа Владимир Путин өнөөдөр москвагийн цагаар яг үд дунд 12,00 цагт тангаргаа өргөнө.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр бол ёслолын эхэнд Путин ажлынхаа өргөөнөөс гарч Кремлийн нэгдүгээр корпус Кремлийн Их ордон чиглэн ирж Георгиевскийн болон Александрвскийн танхимаар өнгөрч тангараг өргөн Андреевскийн танхимд орж ирэх юм байна. Дараа нь Сүмийн талбайд гарч ирэн Кремлийн хорооны парад үзээд, Благовекенскийн сүмд мөргөл үйлдэх гэнэ.
ОХУ-ын түүхэнд зургаа дахь удаагаа болох ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ ёслолд Путины сонгуулийн кампанид оролцсон сайн дурын 200-250 хүнийг урьсан юм байна.
“Ёслолд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төрийн тэргүүнд тусалсан итгэлт хүмүүс, янз бүрийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагын төлөөлөгчид ирнэ” гэж Песков дурджээ.
Өөр нэг онцлог нь Владимир Путин өмнөх 2000, 2004, 2012 оны тангараг өргөх ёслолыг бодвол анх удаагаа гэргийгүй ирж байна.
Путины тангараг өргөх ёслолд дотоод гадаадын 3000 орчим хүн оролцох юм байна.
Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 63,75 хувийн санал авч ялсан юм.