Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Япон улсын гурван талт хэлэлцээр 2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ. Гурван улсын төлөөлөгчид ийнхүү хамтран уулзсан яриа хэлэлцээр хамгийн сүүлд 2015 онд болж байсан юм. Энэ удаагийн уулзалтад Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хятадын ерөнхий сайд Ли Көцян нар оролцохоор болжээ. Токио хотод болохоор товлогдсон энэхүү уулзалтын үеэр талууд өнгөрсөн долоо хоногийн онцлох түүхэн үйл явдал болох Ким Жон Ун болон Мун Жэ Ин нарын уулзалт болон хөрш гурван улсын хамтын ажиллагааг батжуулах стратегийн асуудлын талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Хөх ордны хэвлэлийн алба Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Япон улсад айлчлаагүй зургаан жил хагас орчим болж байгаа үед энэхүү уулзалт болж байгаагаараа онцлог уулзалт болно хэмээн дурдсан бол БХНАУ-ын ерөнхий сайд Ли Көцян тавдугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд үргэлжлэх энэхүү айлчлалынхаа үеэр Японы эзэн хаанд бараалхахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN