АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёрын уулзалт хоёр Солонгосын дундах хилийн цэрэггүй бүс дэх Панмунжон тосгонд болох магадлал илүү байна гэж америкийн телевизийн CNN суваг даваа гарагийн өглөө мэдээллээ.
Тус телевизийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол уулзалт болох хамгийн их магадлалтай газар нь энэ гэнэ. Үүнээс гадна уулзалтын хүрээнд өөр бас хэд хэдэн арга хэмжээ цэрэггүй бүсийн хойд хэсэгт болох магадлал байгаа гэнэ. Эх сурвалжийн хэлснээр бол Трамп цэрэггүй бүсийн нэг барилгад зочилж магадгүй юм байна.
CNN-ийн баталж байгаагаар бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ уулзалт болох хамгийн зохимжтой газар бол Панмунжон гэж Ким Чен Унд итгүүлсэн бололтой. Ким Чен Ун ийшээ ирэхэд их таатай. Нөгөө талаар сэтгүүлчид ажиллахад шаардагдах тоноглол, хэвлэлийн төв нь бэлэн газар гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч бас уулзалт болох газраар Панмунжон, Сингапур хоёрыг даваа гарагт нэрлэсэн юм. Тэрээр твитертээ энэ уулзалт болох газрын талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй санал солилцсоноо дурдаад “Уулзалт болох газрын талаар олон орон харж, сонирхож байгаа ч Умард Өмнөд Солонгосын хил дээрх “Энхтайвны ордон” шиг нийцтэй газар алга. Энэ бол ямар нэг гуравдагч орныг бодвол илүү зохимжтой газар” гэж бичжээ.
Уулзалт “гурав юм уу дөрвөн долоо хоногийн дараа болно” гэж Трамп бямба гарагт мэдэгдсэн юм хэмээн ТАСС агентлаг мэдээллээ. Орчуулсан Х.Өлзийбаяр