Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ Ялалтын баярын жагсаал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн жагсаалын үеэр хойд хөрш цэргийн хэд хэдэн шинэ тоног төхөөрөмжөө нэг дор танилцуулах юм байна. Улаан талбайд болох жагсаалд 120 гаруй нэгж орчин үеийн байлдааны техник хэрэгсэл оролцох талаар “Dni.ru” цахим хуудаст мэдээлсэн байна.
Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюковын хэлснээр, цугласан олонд "Терминатор", "Тор-М2", мөн түүнчлэн "Typhoon-K" автомашиныг үзүүлэх юм байна. Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын төв талбайд тусгай хуягт VPK-233116 Tiger, Patrol, Ural-432009 зэрэг машинууд жагсах талаар "РИА Новости" агентлаг мэдээлжээ.
Энэ жилийн Ялалтын баярын жагсаалд оролцогчдын тоо нэмэгдэж, нийт 12.5 мянган цэрэг, түрүүч, офицер оролцох юм байна. Баярын жагсаалын бэлтгэл Москвагийн ойролцоох Алабино хээрийн сургуулилтын газарт явагдаж байгаа талаар “НСН” мэдээлжээ.
Бэлтгэл сургуулилтад 10 мянга гаруй цэрэг, орчин үеийн зэвсэг, цэргийн тоног төхөөрөмжүүд тухайлбал, “Boomerang” хуягт машин, “Kurgents-25” цэрэг дайны машин болон бусад олон тооны зэвсэг техник оролцох аж.
Сануулахад, өнгөрсөн 2017 онд Ялалтын баярын жагсаалд 10 мянган цэрэг, 144 нэгж байлдааны техник хэрэгсэл оролцсон.
ОХУ-ын төв талбайд анх удаа Арктикийн цэргийн тоног төхөөрөмж, цэрэг цагдаагийн хуягт машинууд орж ирсэн юм. Энэхүү уламжлалт баярын жагсаалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон. Өнгөрсөн онд цаг агаарын нөхцөл муу байсны улмаас агаарын үзүүлбэрүүд цуцлагдсан билээ.