Хятадын эрдэмтэд биеийн өргөн нь 5 см, дэлгэсэн далавчны хэмжээ нь 11,15 см хүрдэг дэлхийн хамгийн том шумуулыг тус улсын баруун өмнөд нутгаас олж илрүүлжээ. Энэхүү шумуулын далавч ердийн шумуулынхаас даруй 10 дахин том талаар өнгөрсөн пүрэв гаригт "South China Morning" сонин мэдээлснийг ТАССагентлаг уламжлав.
Өнгөрсөн оны наймдугаар сард Хятадын шавьж судлаач Жао Ли Сычуань мужаас энэхүү “үлэмж биет” шумуулыг олжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр уг шумуулыг дэлхий дээрх хамгийн том шумуул мөн гэдгийг батлахын тулд нарийвчлан судалсан байна.
Хятадын баруун нутгийн Чэндү хотын Шавьжны музейн ажилтан Жао-гийн ярьснаар, үлэмж биет шумуулыг тавдугаар сард болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ. Уг музейн цуглуулгад 40 гаруй орноос авчирсан 700 мянга гаруй төрлийн шавьж байдаг аж.