Ирээдүйд зорчигч тээврийн салбарт нэгэн шинэ үйлчилгээ бий болно. Энэ бол тэнгэрт биш харин газарт өндөр хурдаар алс хол замыг хэдхэн минутад туулах “HYPERLOOP” төсөл юм. Дэлхийн зарим улс оронд тус төслийг хөрсөн дээр буулгахаар тусгай зориулалтын хоолойн зам барих ажлаа эхлүүлээд байна. Харин энэ өрсөлдөөнд Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хот нэгдээд байгаа билээ. Тэгвэл Дубайн эрх баригчдын мэдэгдсэнээр тус хот 2020 он гэхэд “HYPERLOOP” замыг дэлхийд хамгийн түрүүнд ашиглаж эхлэхээр зорьж байгаа хэмээн мэдээлсэн байна.
Засаж тоноглосон урт үргэлжлэх тусгай хоолой бүхий замаар өндөр хурдаар давхих зорчигч тээврийн хэрэгсэл бол хамгийн хурдан, хамгийн аюулгүй, мөн хамгийн дэвшилтэт технологи гэж онцолж байна. Энэ хүрээнд Арабын нэгдсэн Эмирт улсын нутаг дэвсгэрт "HYPERLOOP" төслийн замыг барих ажил явагдахаар болсон. Энэ зам Дубай хотын олон улсын нисэх буудал болох Аль-Мактумаас Дубай хотод зохиогдох Уорлд экспо 2020 буюу дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох газрыг дамжин өнгөрөх юм байна.
Өөрөөр хэлбэл, энэ зам Эмиртээс Саудын Араб хүртэл 10 км гаруй урт үргэлжилнэ. "HYPERLOOP" өндөр хурдны капсул ачаа бараа болон зорчигч иргэдийг тээвэрлэн 1200 км цагийн хурдтай давхина. Ингэснээр инновацийн шинэ төрлийг дэлхий хамгийн түрүүнд нэвтрүүлэх үйл явдлаар нэрлэгдэнэ гэж харж байна.
Өнөөдрийн байдлаар Францын Тулуз хотод тус төслийн замын барилгын ажил аль хэдийнэ эхлээд байна. "HYPERLOOP" төслийг хамгийн анх "Спайс Икс" болон "Тэсла моторс" компанийг үүсгэн байгуулагч Илон Маск санаачлан дэлхий дахинд танилцуулсан юм.