АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Таиланд улс мягмар гарагт илэрхийлжээ.
“Бангкок Пост” сонины мэдээлснээр, Таиландын Гадаад харилцааны сайд Дон Прамудвинай өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Таиланд улс энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна. Бид энэ уулзалтыг зохион байгуулах боломжтой” гэжээ. Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Бангкок дахь АНУ-ын ЭСЯ одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл хийхдээ “Дээд хэмжээний уулзалтыг таван газрын аль нэгэнд нь хийхээр холбогдох албаны хүмүүс ярилцаж байна” гэсэн юм. Гэхдээ тэрбээр тэр таван газрын нэрийг тодорхой дурдаагүй билээ. Тэр таван газрын тоонд Монголоос эхлүүлээд Скандинав, Сингапур зэрэг АНУ болон Умард Солонгосын аль алинтай нь найрсаг харилцаатай улсууд болон төвийг сахисан бүс багтаж байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.
Таиландын хувьд АНУ-ын түүхэн холбоотон бөгөөд Умард Солонгостой дипломат харилцаатай улс билээ. Таиланд нь АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоог 2000 онд даргалж байхдаа холбооныхоо шинэчлэлийн форумд Пхеньяны төлөөлөгчдийг урин оролцуулж байжээ.
Трамп-Кимийн уулзалт болж болох есөн байршлын тоонд “Блүүмберг” телевиз Таиландын нийслэл Бангкок хотыг багтаасан байсан юм. “Блүүмберг”-ийн нэрлэсэн бусад найман газар нь Монголын Улаанбаатар, Швейцарийн Женев, Финландын Хельсинки, Сингапур, Шведийн Стокгольм, Норвегийн Осло, Чехийн Праг болон Польшийн Варшав билээ.