Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Дональд Трамп, Ким Жон Уны түүхэн уулзалтыг зохион байгуулах газраар Монгол, Сингапур хоёр улс шалгарч үлдээд байгааг Өмнөд Солонгосын гурван том өдөр тутмын сонины нэг Жүнан Илбо өчигдөр мэдээлжээ.
Уг асуудалтай ойр ажиллаж буй албаны эх сурвалж тус сонинд ярихдаа “Саяхныг хүртэл Швед, Швейцарь зэрэг Европын улсууд яригдаж байсан ч Хойд Солонгосын удирдагч тэдгээр улс оронд зорчиход хүндрэлтэй учраас хасагдсан. Одоо АНУ, Хойд Солонгосын талууд Монгол, Сингапур улсуудын алийг сонгохоо эцэслэн шийдэхээр ажиллаж байна” гэсэн байна.
Шийдвэр энэ долоо хоногт багтан гарах боловч Пёньяны хүсэлтээр уулзалтын цаг хугацаа, хэлэлцэх асуудлын жагсаалтыг эцэслэн батлах хүртэл зохион байгуулах газрыг зарлахгүй байх магадлалтай байна гэжээ.
АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр уулзах төлөвтэй байгаа юм.
Зөвлөлтийн үеийн нисэх онгоцыг хувиргасан Хойд Солонгосын хувийн агаарын хөлөг Чаммэй-1 нь хол аялах чадваргүйгээс Европын орнуудад зохион байгуулах боломжгүй болж байгаа гэнэ.
1970-аад онд үйлдвэрлэгдсэн уг онгоц нь 5,000 км хүртэл зам туулах чадвартай. Гэтэл Пёньянаас Стокгольм нь 7,200 км, Цюрих нь 8,500 км зайтай аж.
Тиймээс Хойд Солонгосын тал Монгол улсыг уулзах газраар сонгохыг санал болгож байгаа гэнэ. Харин АНУ-ын тал Монголын нийслэл Улаанбаатарыг дэд бүтцийн хөгжил сул гэж үзээд оронд нь Сингапурыг санал болгож байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.
Нэг талын ашиг сонирхолтой Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг орнуудыг Америкийн тал жагсаалтаас хасаж, зүүн өмнөд Азийн орнуудыг судалсны дүнд Сингапурыг сонгоод байгаа гэнэ.
Сингапур нь Вашингтоны тавьж буй дэд бүтэц, аюулгүй байдлын шалгуурыг хангаж, мөн Трампын энэ уулзалтыг сүр жавхлантай зохион байгуулах хүсэлд нийцэж байгааг мөн дурджээ.
Пёньянаас Сингапур хүртэл нисэхэд 6 цаг 30 минут зарцуулж, 4,700 км зам туулах юм байна.
Эх сурвалж: JoongAng Daily
Сэтгэгдэл (10)