Америкийн Ерөнхийлөгч Трамп гуравдугаар сарын 9-нд ган төмөрлөг, хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод өндөр татвар ногдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан. Энэ явдалд Хятадын Худалдааны яамны Худалдаанд туслах судалгааны газрын дарга Ван Хэжүнь хариу өгчээ. Ван Хэжүнь хэлэхдээ, “Америкийн тал энэ арга хэмжээгээ “Үндэсний аюулгүй байдал” нэртэй худалдааг хамгаалах ажиллагаа гэж байгаа ч үнэн хэрэгтээ Америкийн импортолдог ган төмөрлөг, хөнгөн цагаан бүтээгдэхүүний ихэнх нь ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байдаг ба Америкийн үндэсний аюулгүйн байдалд хохирол учруулах боломжгүй юм. Америк “Үндэсний аюулгүй байдлын онцгой заалт”-аа хэтрүүлэн хэрэглэж байгаа нь Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг олон талт худалдааны тогтолцоог дураараа эвдэж, олон улсын худалдааны хэвийн дэглэмд ноцтой цочрол үзүүлж байна. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна” гэлээ.
Тэрээр цааш нь, “Хятадын тал олон давхарга, олон сувгаар Хятадын байр суурь, анхаарал харгалзлыг илэрхийлж, Америкийн талд нухацтай хэлэлцэх санал хүргүүлсэн. Хятадын тал Америкийн арга хэмжээ Хятадад ямар хохирол учруулахыг үнэлж дүгнэсний үндсэн дээр дорвитой арга хэмжээ авч, өөрийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалах болно” гэж илэрхийлэв.
“Америкийн арга хэмжээ бусад орны эрх ашгийг хохироогоод зогсохгүй Америкийн өөрийн эрх ашигт ч нийцэхгүй. Америкийн Конгрессийн гишүүд, салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүд арга хэмжээг хүчтэй эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Хятадын тал олон талт худалдааны тогтолцоог хүндэтгэж холбогдох арга хэмжээгээ даруйхан цуцлахыг Америкаас шаардаж байна” гэж Ван Хэжүнь цохон тэмдэглэлээ.
Америк ган төмөрлөгийн бүтээгдэхүүний импортод 25 хувь, хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод 10 хувийн татвар ногдуулна гэж Трамп 3-р сарын 8-нд Цагаан ордноос зарласан. Америкийн худалдааг хамгаалах энэхүү арга хэмжээ Америкийн дотоодын болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй. Европын холбоо, Бразил, Өмнөд Солонгос, Япон, Франц, Англи, Австрали зэрэг улс орон эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Европын Холбоо тууштай хариу өгч эрх ашгаа хамгаална гэж Европын Зөвлөлийн тэргүүн Туск мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (3)