Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо 2018 оны 11-р сарын 5-аас 10-ны хооронд Шанхай хот дахь Хятадын үндэсний хурал үзэсгэлэнгийн төвд болно. Зохион байгуулагчдын мэдээлснээр экспод оролцогчдын бүртгэл, сурталчилгааны ажил эхлээд гуравхан сар болж буй ч дэлхийн 165 улс, бүс нутгийн үзэсгэлэн зохион байгуулагч 197 байгууллага өөрийн улс, бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийг экспод оролцуулахаар болжээ.
Яармагийн бүртгэл сурталчилгааны ажил төлөвлөснөөс давуу биелэлттэй байгаа бөгөөд гадаадын бизнес эрхлэгчдийн дунд түрээсийн талбай нь хамгийн их эрэлттэй байна. Одоогийн байдлаар 120 гаруй улс, бүс нутгийн 1000 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлжээ. Үүнд дэлхийн топ-500 компаний жагсаалтад орсон 100 орчим компани, салбар бүрийн тэргүүлэгч компаниуд багтжээ.
Японы Гадаад худалдааг дэмжих агентлаг тус улсын үзэсгэлэн зохион байгуулагчаар ажиллаж байна. Тус байгууллага японы аж ахуйн нэгжүүд, бусад холбогдох байгууллагуудын хэрэгцээнд зориулан 10000м2 талбайн захиалга өгчээ.
Англи улс тус экспогийн гол зочин орон болсонд баяртай байна хэмээн тус улсын ерөнхий сайд Тереза Мэй мөн илэрхийлжээ.
Украйны засгийн газар саяхан мэдэгдэл гаргаж, Хятадын Олон улсын импортын анхдугаар экспод оролцохоо албан ёсоор илэрхийлэн, өөрийн улсын павильоныг ажиллуулахаа мэдэгдэв. Тэд өөрийн улсын сайн чанарын экспортын бараа бүтээгдэхүүнийг бүрэн хэмжээгээр сурталчилахад тус экспо ашиг тустай төдийгүй украйны аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ сурталчилах таатай боломж гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
Сингапурын засгын газар Сингапурын бизнесийн холбоог тус улсын экспод оролцох багийг зохион байгуулуулахаар сонгожээ. Тус холбоо нь Сингапурын бараа бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд таниулах зорилгоор 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг үзэсгэлэнд оролцуулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн экспод Герман, Англи, Америк, Австрали, Бельги, Япон зэрэг улс орны аж ахуйн нэгжүүд хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчин хамгаалал, экологи, 3D принтер, эрчим хүчний шинэ тоног төхөөрөмж зэрэг салбарын цоо шинэ технологи, бүтээгдэхүүн толилуулах юм.
Хятадын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Ян Вэйчюнь хэлэхдээ, “Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо дэлхийн анхны импортоор дагнасан үндэсний хэмжээний үзэсгэлэн яармаг юм. Энэ экспо нь Хятадын засгийн газар тууштай баримталж ирсэн нээлттэй бодлого, улам өндөр түвшний шинэ ээлжийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх, мөн “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааг санаачилсны гол илрэл юм” гэлээ.
Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин
Сэтгэгдэл (1)