Парисын болон Брусселийн халдлагаас хойш Европын хамгийн зартай алан хядагчаар тодроод байсан Салах Абдесламд үүсгэсэн хэрэгт Бельги улсын шүүхээс ял оноолоо.
Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ний өдөр болсон Парисын халдлагаас нэг хоногийн дараа сэжигтний хувийн мэдээллийг дэлхий нийтээр цацагдаж амжаагүй байсны ачаар хамсаатны хамтаар хилийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрч, Парисаас Бруссель рүү зугатсан байдаг.
Гэвч түүний үйлдсэн хэрэг Парист болсон адан хядах ажиллагаагаар зогсоогүй буюу дөрвөн сарын дараа 2016 оны гуравдугаар сард Бруссельд болсон цуврал халдлагад мөн гар бие оролцсон нь тодорхой болж, халдлагаас гурав хоногийн дараа Брусселийн ойролцоо орших Моленбэк хэмээх газраас баривчлагдсан юм. Шүүхээс түүнд баривчлагдах үедээ цагдаагийн 4 офицерыг гэмтээсэн хэргийг шүүн хэлэлцсэний үндсэн дээр 20 жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргажээ.
Салах Абдеслам нь 28 настай, Бельгид төрсөн Франц гаралтай. Парисын болон Брусселийн халдлагын үеэр Исламын улс бүлэглэлийн алан хядагч нарын байрлах байр, зочид буудлын өрөө, халдлагад ашиглах машин тэргээр хангахад дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй юм.
Гэмт хэрэгтэн “Би зөвхөн Аллахт итгэдэг, дуугай байснаараа би өөрийгөө хамгаалж байна” хэмээн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаагийн дээр шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй байна. Одоо тэрээр Парисын халдагын хэрэгт хамаарах дараагийн шүүх хурлаа хүлээн Парис дахь шоронд хоригдож байгаа юм.