АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг одон орон судлалын шинэ хөлөг хөөргөжээ. Энэхүү хөлөг нь "Гарагийн ангууч" нэртэй аж. “Falcon 9” пуужин нь гараг ангуучлах “TESS” сансрын хөлгийг тойрог замд оруулах аялалдаа тухайн бүс нутгийн цагаар 18:51 цагт хөдөлсөн байна.
Уг хөлөг нь нарны аймгаас гадна орших, амьдрал байж болох гаргуудыг олж илрүүлэх зорилготой. Үүнээс өмнө нэг хөлгийг ийм зорилгоор нисгэж байсан бөгөөд энэ удаагийнхтай нийлээд “НАСА”-гийн хөөргөж буй хоёр дахь сансрын хөлөг болж байна. Тодруулбал, тус агентлаг 2009 онд “Kepler Space Telescope” сансрын хөлгийг хөөргөж байжээ. “TESS” сансрын хөлөг нь хоёр жилийн хугацаанд нарны ойролцоох хамгийн тод 200 мянган одыг болон тэдгээрийн эргэн тойрон дахь гарагуудыг судлах аж.
“Kepler Space Telescope” хөлөг нь сүүлийн есөн жилийн хугацаанд 2600 гарагийг олж илрүүлсэн байна. Харин өргөн өнцгийн дөрвөн камертай “TESS” сансрын хөлөг илүү олон гарагийг олж илрүүлнэ гэж НАСА-гийн судлаачид найдаж байгаа юм байна.