Өмнөд солонгосчууд төрийн тэргүүн асан хүнээ яллахаар болоод байгаа. Өмнөх Ерөнхийлөгч асан И Мён Бакийг авлига авч эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн тухай хууль зөрчсөн, компанийн мөнгө завшсан зэрэг хэрэгт буруутгаад байгаа билээ. Түүнийг шүүх хурал ирэх сарын 3-наас эхэлнэ гэж Сөүлийн шүүх мэдэгдсэн байна.
2008-2013 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажилласан И Мён Бакийг 16 зүйл ангиар, тухайлбал 11.1 тэрбум вон буюу 10.4 сая ам.долларын авлига авсан хэргээр яллаж байгаа юм. Өдгөө 76 настай түүнийг мөн нууцаар эзэмшдэг байсан компаниасаа 35 тэрбум вон буюу 32 сая ам.долларыг завшиж, татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байна.
Авсан авлигынх нь хэмжээгээр түүний хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг Сөүлийн шүүх гаргажээ. Урьдчилан хорих төвд өнгөрсөн сараас хоригдож эхэлсэн И Мён Бак өөрийгөө “Ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж мэдүүлсээр байгаа ажээ.