Энэ сарын 11-ний өдөр Японы зүүн өмнөд хэсэгт уулын нуранги үүссэний улмаас таван хүн сураггүй болж, нэг хүний амь нас эрсэджээ. Цагдаа нар “100 метрийн өндрөөс доош нурсан хөрс 200-аад метр үргэлжилж зогссон” хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд нуранги үүсэхээс өмнө хур тунадас ороогүй аж. Оита мужаас гамшгийн шалтгааныг нь тогтоохоор шалгаж байгаа юм байна.
Гал сөнөөх, цагдаагийн бие бүрэлдэхүүнүүд сураггүй болсон иргэдийг хайх болон аврах үйл ажиллагаанд оролцож байгаа аж.
Түүнчлэн Оита муж нь байгалийн гамшигт өртөх эрсдэл өндөртэй бүс гэж тогтоогджээ. Шинжээчдийн зүгээс дахин хөрсний гулгалт үүсч болзошгүйг нутгийн оршин суугчдад анхааруулсаар байна хэмээн эх сурвалж онцолжээ.