Өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Өмнөд Хятадын тэнгист болж байгаа тэнгисийн цэргийн сургуулилалт дээр гэнэт зочилсон байна.
Энэ бүс нутагт Хятад улс хиймэл арал байгуулж, цэрэг зэвсэг төвлөрүүлж байгаа бол Бээжингийн энэ үйлдлийг АНУ олон улсын далайн тээврийн чөлөөтэй зорчих эрхийг боомилж байна гэж шүүмжилсээр байгаа юм.
CCTV-гийн дамжуулсан дүрсэнд Ши Жиньпин тус улсын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч Ляонин хөлгөөс онгоц хөөрөхийг ажиглаж, тэнгисийн цэргүүдтэй хамт зоог барьж байгааг харуулжээ.
Цэргүүдийн өмнө үг хэлэхдээ Ши Хятад улс хүчирхэг тэнгисийн флоттой болох хэрэгцээ өнөөдөр “түүхэнд хэзээ ч байгаагүй яаралтай, чухал” болоод байгааг онцолсон байна.
Мягмар гарагт АНУ-ын тэнгисийн тээвэрлэгч хөлөг USS Theodore Roosevelt энэ бүс нутагт ирж, Филиппиний засгийн газрын гишүүдэд хүчин чадлаа харуулсан юм.
Гуравдугаар сарын сүүлээр Хятадын Ляонин тээвэрлэгч болон бусад тэнгисийн хөлгүүд Өмнөд Хятадын тэнгист сургуулилалтаа эхэлсэн байна. Хятадын талын мэдээлснээр энэ ажиллагаанд 48 хөлөг, 76 нисэх онгоц, 10,000 гаруй цэрэг оролцож байгаа гэнэ. Эрдэс баялгаар арвин энэ бүс нутгийг Хятадтай зүүн өмнөд Азийн хэд хэдэн орон булаацалддаг.
Өчигдөр бас Хятадын засгийн газар Тайваний хоолойд галт зэвсэг хэрэглэсэн сургуулилалт хийх болсноо зарласан юм.
Энэхүү ажиллагаа дөрөвдүгээр сарын 18-ны Лхагва гарагийн өглөөний 8:00 цагаас шөнө дунд хүртэл үргэлжлэхээр болжээ. Бээжингийн эрх баригчид Тайваний арлыг өөрийн газар нутагт тооцож, зэвсгийн хүчээр нэгтгэхээ үе үе илэрхийлдэг. 2016 онд тусгаар тогтнох үзэлтэй Цай Ин Вэн Тайваний ерөнхийлөгч болсноос хойш эх газрын дайсагнал улам нэмэгдсэн юм.
Тайваний талын мэдээлснээр 2016 оны наймдугаар сараас өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл Хятад улс нийт 25 удаагийн цэргийн сургуулилалтыг Тайваний арлын орчим гүйцэтгэжээ.
Гуравдугаар сарын 20-нд Хятадын Ляонин тээвэрлэгч болон бусад хөлгүүдийг Тайваний хоолойгоор нэвтрэх үед Ши Жиньпин Хятад улсыг хуваах аливаа оролдлогыг нухчин дарахаа зарлаж байв.