ОХУ-ын Сахалин мужийн захиргаа болон агаарын тээвэрлэгч “Аэрофлот” компани хамтран таван онгоц худалдан авах санхүүжилтийн мөнгийг гаргахаар болсон байна. Эдгээр онгоцыг Курилийн арлуудын чиглэлд нисгэх зорилготой хэмээн Сахалин мужийн захиргааны хэвлэлийн алба Мягмар гаригт /2018.04.03/ мэдээллээ.
“Курилийн Парамушир болон Шикотан арлууд руу эдгээр таван онгоцыг нисгэнэ. Сахалин мужийн захиргаа болон “Аэрофлот” компани хамтран орон нутгийн агаарын тээврийн “Аврора” компанид онгоц худалдан авахад шаардлагатай хөрөнгийг гаргана” хэмээн мужийн Амбан захирагч Олег Кожемяко хэлснийг хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Энэ нь Өмнөд Сахалинск хотоос Шикотан арал руу анх удаа зорчигчийн онгоц шууд нисэх гэж байгаа хэрэг юм. Харин Парамушир руу 25 жил тасраад байсан нислэгийг сэргээж байгаа юм. Гэхдээ 25 жилийн өмнө Парамушир руу Петропавловск-Камчатскаас шууд нисч байжээ.
Канадад үйлдвэрлэсэн DHC-6 Twin Otter 400 онгоцыг авахаар сонгосон байна. Энэ онгоц 19 зорчигчийн суудалтай бөгөөд нислэгийн богино зурваст бууж, хөөрөхөд тохиромжтой ажээ.
Агаарын тээврээс гадна усан замын тээврийг энэ чиглэлд хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Сахалинаас Курилийн арлууд хооронд зорчигч болон ачаа тээвэрлэх гурван хөлгийг шинээр үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (2)