Өчигдөр болсон нэгэн үйл явдал Хятадын сая сая иргэдийн анхаарлыг татаж байв. Нэгэн гэр бүл сураггүй алга болсон охинтойгоо 24 жилийн дараа уулзсан байна.
Гэрийн эзэн Ван Минчин, эхнэр Лю Дэнин нар Чэнду хотын зах дээр жимс зарж амьдардаг байхдаа 1994 онд гурван настай охиноо алдсан юм.
Ван хариулт мөнгө задлуулахаар лангуугаа түр орхиод ирэхэд охин нь сураггүй алга болжээ. Чифэнь нэртэй охиныг хайх ажиллагааг хот даяар явуулаад үр дүнд хүрээгүй байна.
Үүний дараа Ван таксины жолооч болж 14 сая хүнтэй Чэнду хотод ажиллахдаа тааралдсан хүн бүрээс охиноо сураглаж байжээ.
Тэр машиныхаа цонхон дээр зар нааж, үйлчлүүлсэн зорчигч бүрт нэрийн хуудсаа тарааж 20 гаруй жилийг өнгөрөөсөн байна.
Харин саяхан орон нутгийн сонин энэхүү эрлийн талаар анх мэдээлж, удалгүй Хятадын төв телевизээр мэдээлсний дараа олны анхаарлын төвд орсон юм.
Удалгүй Чэнду хотоос хол зайтай хойд Хятадын Жилин мужид амьдардаг 27 настай Чифэнь энэ мэдээллийг олж үзээд хэвлэлийнхэнд хандсан байна. Түүнийг өргөж авсан эцэг эх анх өөрийг нь гудамжнаас олсон гэж хэлдэг байсан гэнэ. Чифэнь бүсгүй өөрийн жинхэнэ эцэг эхийн талаар мэдэхийг хүсдэг байжээ.
Холбоо барьсны дараа тэр ДНХ шинжилгээ хийлгэж Ван, Лю нарыг эцэг эхээ мөн гэдгийг тогтоолгосон байна. Ингээд өчигдөр буюу Мягмар гарагт Чифэнь төрөлх Чэнду хотдоо ирж, 24 жилийн өмнө хагацсан эцэг эхтэйгээ уулзсан юм.
Охиноо тэврэн уйлсан Ван “Одооноос эхлээд чи аавтай боллоо. Юунд ч битгий санаа зов, би бүх зүйлээр тусална” хэмээн хэлж байжээ.
Тэдний уулзалтын зураг, дүрснүүд Хятадын хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээнд тархаад байна.