Хятад улс бол дэлхийн хамгийн том хог боловсруулагч юм. Өнгөрсөн онд тус улс гадаадаас нийт 24 төрлийн хог хаягдлыг хүлээж авахгүй болж байгаагаа Дэлхийн Худалдааны Байгууллагад мэдэгдэж, хориг эхлэх хугацааг 2017 оны сүүл гэж зарласан байна.
Ингэх болсон шалтгаанаа Хятад улс байгаль орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн хөгжлөө шат ахиулах гэж тайлбарласан юм.
Зөвхөн 2016 онд АНУ Хятад руу $5.6 тэрбумын өртөгтэй хог нийлүүлж байжээ. АНУ-аас гадна Европын Холбоо хог хаягдлаа шингээх газаргүй болж, Бээжинг шийдвэрээ эргэж харахыг хүсэх болсон юм.
Тэгвэл өнөөдөр Хятадын Гаалийн Ерөнхий газар энэ он гарсаар 110,000 тонн хатуу хог хаягдлыг хулгайгаар хил нэвтрүүлснийг илрүүлж, хог гаднаас нэвтрүүлэх ажлыг зохион байгуулагч 259 хүнийг баривчилснаа мэдээлжээ.
Зарим гэмт хэргийн бүлэглэлүүд янз бүрийн улс орноос хуучин электроникийн хог хаягдлыг чингэлэгээр тээвэрлэн Хятадын хилээр нэвтрүүлж байсныг илрүүлсэн байна.
Саяхан Хятадын засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр байгуулагдсан Экологи, Байгаль орчны яам гадаадаас хог хаягдал нэвтрүүлэх хууль бус ажиллагаатай тэмцэнэ гэдгээ зарлаад байгаа юм.
Өнгөрсөн сард АНУ-ын тал Хятадын засгийн газрыг хоригоо эргэж харахыг хүссэн байна. Гэвч Бээжингийн байр суурь өөрчлөгдөх шинжгүй байгаа юм.
Сэтгэгдэл (4)