Малайзийн парламент өчигдөр “fake news” буюу худал мэдээ тараасан хүнд 6 хүртэл жилийн хорих ял оноох хуулийг дэмжлээ.
Шинэ хууль нь гадаад болон дотоодын бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад үйлчлэх ба ерөнхий сайд Нажиб Разакын засгийн газрыг тойрсон дуулианыг дарахад чиглэгдсэн гэж үзэж байна.
Разак нь тус улсын баялгийн сан болох 1MDB сангийн хөрөнгийг завшсан гэх асуудалд орооцолдоод байгаа юм.
Удахгүй болох сонгуулиар Разак гурав дахь удаагаа Малайзийг удирдах мандат авахыг зорьж байгаа. Түүний тэргүүлдэг эвсэл Малайзийг сүүлийн 60 гаруй жил удирдаж байгаа юм.
Шинэ хуулийн төсөл анх парламентад орж ирэхдээ 10 хүртэл жилийн хорих ял, 500,000 ринггитийн ($130,000) торгуультай байсан боловч шүүмжлэл хүчтэй байсан учраас 6 жилийн хорих ялтай болгон бууруулжээ.
Эрх баригчид өөрсдөө уг хуулийн зорилгыг худал мэдээлэл тараахыг зогсооход чиглэсэн гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боож байна гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байгаа юм.
Хуулийн төслийг хүчин төгөлдөр болохоос өмнө сенатад хэлэлцүүлэх ёстой. Гэвч сенатын суудлын талаас илүү хувийг эзэлдэг эрх баригч Барисан Насионал эвслийнхэн хуулийг дэмжих нь эргэлзээгүй юм.
Малайз улс 2017 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний үнэлгээгээр 180 орноос 144-д жагссан байна.
Сэтгэгдэл (2)