Хонг Конгоос Шэньжэн хот руу дрон ашиглан iPhone гар утаснуудыг хулгайгаар хил давуулсан хэргийг Хятадын гаалийнхан илрүүлжээ.
Гэмт этгээдүүд нийт 500 сая юаний ($79.8 сая) үнэтэй дахин сэлбэж сэргээсэн iPhone гар утсыг хил давуулж чадсан байна.
26 хүнтэй бүлэг этгээд шөнийн цагаар Хонг Конгоос эх газар хүртэл хулгайн бараагаа тээвэрлэдэг байсан бөгөөд нэг шөнө 15,000 хүртэл тооны iPhone тээвэрлэж байжээ.
Энэ нь Хятадын хил гаалийн түүхэнд анх удаа дрон ашигласан хууль бус хэрэг болж бүртгэгдэж байгаа гэнэ. Тиймээс Шэньжэн хотын гаалийнхан өндөр технологид суурилсан хулгайн ажиллагааны эсрэг адилхан өндөр технологи ашиглан тэмцэхээр бэлдэж байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл агаарын хилд дрон ашиглан эргүүл, хамгаалалтын ажиллагаа явуулах тухай төлөвлөж эхэлсэн гэнэ.
Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид иргэдийн дроныг бүртгэлжүүлэх ажил эхэлсэн юм. Үүнтэй нэгэн адил АНУ-д 250 граммаас дээш жинтэй дроныг заавал бүртгүүлэх журам хэрэгжиж байгаа ажээ.