Венесуэлийн Валенси хотын шоронд гарсан хоригдлуудын бослогыг хууль сахиулагчид цус асгаруулан дарсан байж болзошгүй мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг мэдээлэл батлагджээ. Албаны хүмүүс энэ асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан ч сүүлдээ ам нээж, Ерөнхий прокурор Терек Сааб 68 хүний амь нас хохирсон болохыг мэдэгдээд байна. Амиа алдагсдын хоёроос бусад нь эрэгтэйчүүд байсан гэж тэрээр мэдэгдэлдээ онцолсон юм.
Хоригдлуудын ар гэрийнхэн шоронгийн гадаа цугласан хэвээр, хамгаалалтын цагдаа нартай үе үе мөргөлдөхөд бэлэн эгзэгтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа аж. Иргэд ойр дотны хүмүүстэйгээ уулзах шаардлага тавьж, амьд үхсэнийг нь ч мэдэхгүй байгаадаа эгдүүцэн бухимдацгааж байгаа юм.
Хоригдлуудын ар гэрийнхний төлөөлөл Мария Хосе Рондон Твиттер хуудсандаа “Бид шударга ёсыг хүсч байна. Дотор яг юу болсон, тэр бүгдийг мэдэхийг хүсч байна” гэж бичжээ.
Шоронд бослого дэгдсэн, бослогыг 68 хүн хөнөөж цус асгаруулан дарсан нь ийнхүү тодорхой болоод байна. Бослого гаргах болсон шалтгаан харин одоогоор тодорхойгүй байгаа юм. гэхдээ барууны хэвлэлд бичиж байгаагаар, шоронгийн ахуй нөхцлөөс болсон байх магадлал өндөр аж. Тус улс эдийн засгийн гүн хямралд нэрвэгдэж, шоронгийн хоригдол байтугай эрх чөлөөт иргэд турж үхдэгийн даваан дээр ирээд байгааг дэлхий нийт харж байгаа. Байдал ийм байхад шоронд нөхцөл ямар байсан нь ойлгомжтой гэж бичиж байгаа юм.
2015 оны мэдээгээр, Венесуэльд 19000 хүний багтаамжтай шоронд 49644 хоригдол хоригдож байжээ. Уг судалгааг “InSight Crime” судалгааны байгууллага хийж байсан аж. Мөн 5000 хүний багтаамжтай түр саатуулах байранд 33 000 мянган хүнийг хорьдог гэж уг судалгаанд өгүүлсэн байна.
Шоронгийн дотоодод өрнөдөг дарамт, ахуйн хүнд нөхцөл байдлаас болж хоригдлууд оргох, олноороо нэгдэж бослого гаргах оролдлогыг дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй олон удаа хийдэг юм байна. “Human rights watch” олон улсын байгууллагын хийсэн тооцоогоор, 1999-2015 оныг хүртэлх 16 жилд тус улсын шоронд 6600 хоригдол амиа алджээ.
Өнгөрсөн жил л гэхэд Гуарико дахь шоронд ажил хийж байсан барилгын бригад 15 хүнийг бөөнөөр нь оршуулсан байсныг олж байжээ.