Өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хиймэл оюуны технологийн салбарт АНУ, Хятад улсуудын араас гүйцэх стратегийг танилцуулжээ.
Тэрээр засгийн газрын төсвөөс хиймэл оюуны судалгаанд зориулсан хөрөнгө мөнгө гаргахаар болж, уг төслийг удирдах дэлхийд алдартай математикчийн нэрийг хүртэл зарласан байна.
Мөн гадаадын судлаачдыг Францад нүүн ирж ажиллаж, амьдрахад зориулан хөрөнгө гаргах тухайгаа ярьжээ.
Өнөөдөр хиймэл оюуны технологийн салбарыг АНУ, Хятад улсууд тэргүүлж байгаа. Харин Европын гүрнүүд уг өрсөлдөөнөөс хаягдах магадлал өндөр болоод байна. Тиймээс Германы канцлерь Ангела Меркель мөн энэ салбарт хөрөнгө оруулах тухай төлөвлөж эхэлжээ.
Францын хиймэл оюуны стратегийг удирдах гол хүнээр 44 настай математикч Седрик Виллани тодроод байна.
Седрик Виллани
“Математикийн Лэди Гага” гэгддэг, готик хэв мяагийн хувцаснаас салдаггүй Виллани нь одоо Францын парламентын гишүүн юм. Тэр Макронд 242 хуудас стратеги төлөвлөгөө боловсруулж өгсөн гэнэ.
Эхний ээлжинд Макрон жилд 300 сая еврог хиймэл оюуны хөгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөөд байгааг засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ энэ нь хангалттай биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард Макрон, Меркель нар уулзахдаа хиймэл оюуны чиглэлд хамтран ажиллах тухайгаа мэдэгдэж байв.