Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын бичил уурхайчдыг албажуулах, Монгол Улсад үнэт эдлэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төслийн хүрээнд Австри Улсын Үнэт эдлэлийн дархны академийн захирал Алфред Рөмер манай улсад хүрэлцэн ирж үнэт эдлэлийн дархны мэргэжлийн багш нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна.
Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав, Австрийн Үнэт эдлэлийн дархны академийн захирал Алфред Рөменийг хүлээн авч уулзаж, коллежийн үнэт эдлэлийн дархны сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцсон байна. Ноён Алфред Рөмер үнэт эдлэлийн дархны анги танхим, суралцагчдын хийсэн уран бүтээлийн музейг үзэж сонирхсон байна. Австрийн Үнэт эдлэлийн академи нь үнэт эдлэлийн дархан, дархны засал чимэглэл, гоёл чимэглэлийн дизайны боловсрол олгодог мэргэжлийн академи бөгөөд уламжлалт арга, технологийг зааж сурган, суралцагчдыг хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь бэлтгэдэг байна.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бичил уурхайчдыг албажуулах, тэднийг монгол уран дархны урлагт суралцуулах замаар ажлын байр бий болгох зорилготой төслийг хэрэгжүүлэн, "Уламжлалаар ирээдүйг гоёхуй" үнэт эдлэлийн уран дархчуудын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байсан юм. Төслийн дараагийн шатанд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехникийн коллежитэй хамтран уран дархчуудын ур чадварыг сайжруулах, техник, тоног төхөөрөмжөөр хангах, хувиараа алт олборлогч иргэдийг уран дархны эрдэмд сургаж, хөрвөн ажиллах боломжтой болгох, гадаадын уран дархчуудын туршлагаас судлуулах, гар аргаар олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх зэргээр монгол гоёл чимэглэлийн урлагийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа ажээ.