Оросын тагнуулын экс ажилтан Сергей Скрипалийг охиных нь хамт химийн бодисоор хордуулсан хэрэг Британий засгийн газрыг олон асуудалд анхаарлаа хандуулахад хүргэж байна.
Тухайлбал эрх баригчид өөрийнх нь нутаг дэвсгэрт тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан Оростой холбоотой 14 хүний хэргийг дахин шалгахаар болжээ. Мөн ОХУ-ын 23 дипломат ажилтныг хөөх шийдвэр гаргасан. Бас парламентын зарим гишүүн Оросын олигархууд ямар эх үүсвэрээс олсон мөнгөөр Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсныг шалгахыг уриалжээ.
Тэгвэл ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр парламентын доод танхимд үг хэлэхдээ тус улсад оршин суух “алтан виз”-ний нөхцлийг засгийн газар эргэн харж байгааг мэдээлсэн байна.
Доод тал нь 2 сая фунт стерлингээр Британий засгийн газрын бондыг худалдаж авсан, бусад хөтөлбөрт хөрөнгө оруулсан хүмүүс 5 жил тус улсад оршин суух эрхтэй болдог юм.
Авлигатай тэмцэх хөдөлгөөнийхөн энэхүү визний журмыг цуцлуулахын төлөө удаан хугацааны турш тэмцэж байгаа. 2011-2016 оны хооронд гаргасан “алтан виз”-ний 50 гаруй хувийг зөвхөн Орос, Хятадын хөрөнгөтнүүд авсан байдаг.
2015 оныг хүртэл уг визний шугамаар орж ирсэн мөнгийг Британий засгийн газар шалгадаггүй байжээ. Сүүлд эх үүсвэрээ тайлбарлахыг шаарддаг болсон байна.
Ийм замаар Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь гадны баячуудад хөрөнгөө өсгөх нэг боломж болдог гэнэ. Ингэж өсгөсөн мөнгөөр буюу ямар нэг гадны хөрөнгө шаардахгүйгээр Британий нутаг дэвсгэрт алуурчин хөлсөлж, хэн нэгнийг алуулах боломж бий болж байна гэж зарим шинжээчид дүгнэжээ.
Тухайлбал Иран улсын эрх баригчид олон арван жилийн турш Манхеттэн дэх цамхагийг нууцаар түрээсэлж, ашиг олж байсныг саяхан АНУ-ын засаг захиргаа илрүүлж байв.
Сэтгэгдэл (4)