Хойд солонгосын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчтэй хаана уулзах боломжтой гэсэн таамаг саяхныг хүртэл явж байсан. Тэгвэл Алсын америк тивийн толгойлогчтой бус хил залгаа хятадын даргатай уулзсан мэдээлэл түглээ.
Өөрөөр хэлбэл, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Бээжинд БНХАУ-ын дарга Си Жин Пиньтэй уулзсан тухай Хятадын төв телевиз мэдээлжээ. Умард Солонгосын удирдагчийн Хятадад хийж буй айлчлал гуравдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд 28-нд дуусах юм байна. “Ким Чен Уны айлчлал нь Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд БНАСАУ-ын удирдагч ихээхэн анхаарал хандуулдаг болохыг гэрчилж байна. Манай хоёр улсын ахмад үеийн удирдлагууд Хятад болон БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцааны үндэс суурийг нь тавьж, хүчин чармайлт гарган хөгжүүлсэн юм.
Энэ нь бидний хамтын үнэлж баршгүй ололт билээ” гэж БНХАУ-ын дарга Си Жин Пинь мэдэгджээ. Мөн тэрээр Хятадын коммунист нам болон Солонгосын хөдөлмөрийн нам социализмын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн байна. Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид дэлхийн болон Солонгосын Хойгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ. “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бодлогыг БНАСАУ тууштай баримталж байна” гэж Ким Чен Ун онцлон тэмдэглэсэн байна.