Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр буюу Даваа гарагт Бээжинд нууцаар айлчлан ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Хойд Солонгосын хилээс Бээжин хүртэл төмөр зам дагуу хатуу хяналт тогтоож, Хятадын нийслэлийн гудамжаар өндөр хамгаалалттай цуваа явж байгаа нь үүнийг баталж байгаа юм.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Ким Жон Ун 2011 онд засгийн эрхийг авснаас хойш анх удаа гадаадад айлчилж, бас анх удаа гадаад орны төрийн тэргүүнтэй уулзаж байна гэсэн үг. 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Пёньянд айлчлахад Ким Жон Ун түүнийг хүлээж авч уулзалгүй буцаасан байдаг. Түүний эцэг Ким Жон Ил онгоцоор нисэхээс болгоомжилдог байсан бөгөөд хуяглагдсан галт тэргээр Бээжинд хэд хэдэн удаа айлчилж байсан юм.
Өчигдөр Бээжинд ирсэн галт тэрэг Ким Жон Илийн тусгай төмөр хөлөгтэй адилхан байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Эцэг удирдагч Кимийн Бээжинд ирэхдээ үргэлж буудаг байсан Дяоютай буудал өнөөдөр маш өндөр харуул хамгаалалтан дор байгаа гэнэ. Тус буудлын гадуур 50-100 метр тутамд цагдаагийн хамгаалалт гарчээ.
Өнөөдөр өглөө энэ буудлаас хамгаалалттай лимузин бүхий цуваа гарч явсан байна. Мөн дээд түвшний уулзалт явагдаж болзошгүй Хориотой хотын дэргэдэх хоёр ордон өндөр харуул хамгаалалтан дор байгааг AFP агентлаг мэдээлжээ.
Өнөөдөр бас Хятадын сошиал сүлжээ Вэйбод Ким Жон Уны нэрийг янз бүрийн хувилбараар бичиж хайхыг хориглосон байна. Хятадад улс төрийн чухал арга хэмжээ болох бүрт ийм арга хэмжээ авдаг.
Өчигдөр Хойд Солонгос-Хятадын хилийн Дандон хотын төмөр зам руу харсан цонхтой зочид буудлын үйлчлүүлэгчдийг өрөөгөө орхихыг шаардаж, хөшгүүдийг хаасан байсан тухай Өмнөд Солонгосын SBS телевиз мэдээлсэн байна.
Уг зочид буудал Лхагва гарагийн үдээс хойш олон нийтэд хэвийн үйлчилж эхэлнэ гэсэн нь Ким Жон Уныг хэзээ буцахыг харуулж байж болзошгүй.
Өмнөх удирдагчийн Бээжинд хийсэн айлчлалыг бүрэн дууссаны дараа Хойд Солонгос, Хятадын албаныхан мэдээлэл өгдөг байсан. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Жон Уны айлчлалын талаар ямар нэг мэдээлэл байхгүй байгааг сэтгүүлчдэд хэлжээ.
Сөүлийн засаг захиргаа болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Ким Жон Уныг ирэх тавдугаар сард болохоор яригдаж байгаа Хойд Солонгос-АНУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалтаас өмнө дэглэмийнхээ гол ивээн тэтгэгч Хятадын удирдагчидтай нэг ойлголцолд хүрэхээр Бээжинд ирсэн гэж ажиглагчид дүгнэж байна.