ОХУ-ын Тагнуулын төв газрын экс-хурандаа Сергей Скрипалийг охиных нь хамт химийн хорт бодисоор хордуулсан халдлагатай холбоотойгоор АНУ, Канад, Европын холбооны гишүүн 14 улс, Украин зэрэг улс орнууд өчигдөр /2018.03.26/ Оросын дипломат ажилтнуудыг эх орноосоо хөөж буйгаа мэдэгдлээ. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас оросын дипломатуудыг хөөсөн улс тус бүрд хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн юм.
Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгдэхдээ ''Өнөөдөр Европын холбооны гишүүн 14 улс Оросын дипломатуудыг эх орноосоо хөөх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн'' гэдгээ мэдэгдэв.
Үүнээс гадна, Цагаан ордон ч гэсэн ОХУ-ын дипломатуудыг нутаг буцахыг шаардаж буйгаа мэдэгдлээ. АНУ-д оросын 60 дипломат ажилтан сууж байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Элчин сайдын яамны 48 ажилтан болон Нью-Йоркод байрлах НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газрын 12 гишүүн АНУ-ыг орхих шаардлага гарч байна.
АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлж буйгаар, ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын зарим ажилчид тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тэд байнгын төлөөлөгчийн газрын төв байранд оршин суух эрхээ урвуулан ашиглаж байна гэв.
Энэ шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн биеэр хүлээн авч, баталгаажуулсан гэсэн.
Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор энэ тухай ямар нэгэн мэдэгдэл өөрийн биеэр хийгээгүй байгаа бөгөөд тэрбээр твиттер хуудаснаа хамгийн сүүлд худал мэдээллийн тухай жиргэсэн байна.
АНУ Оросын дипломатуудыг хөөхөөс гадна Сиэтль дэх ОХУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэр гаргав. Учир нь Сиэтль дэх ОХУ-ын Ерөнхий Консулын газар АНУ-ын шумбагч хөлөг Boeing-ийн баазтай ойр байрладаг тул ийнхүү хаах шийдвэр гаргасан гэжээ.
Харин АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов дээрх шийдвэртэй холбоотойгоор Вашингтонд хатуу эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрбээр ''АНУ өнөөдрийг хүртэл Скрипалийн хэрэгт ОХУ буруутай гэсэн ганц нотолгоо баримт олж чадахгүй байж, ийнхүү буруутгах нь зүй зохист нийцэхгүй'' гэв
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Европын холбооны гишүүн-улс болон НАТО-г нөхөрсөг бус шийдвэр гаргалаа хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.
Европын холбооны гишүүн 14 улс, АНУ-аас гадна Канад ч гэсэн оросын дипломатуудыг эх орноосоо хөөх шийдвэр гаргаж буйгаа мэдэгдэв. Тус улсыг ОХУ-ын дөрвөн дипломат орхих шаардлага гарч байна.
Үүнээс гадна, Франц, Герман, Латви, Литва, Польша, Эстони, Итали, Нидерланд, Швед, Дани, Чех, Финлянд, Румын, Хорват зэрэг орнууд Европын холбооны шийдвэрийг дэмжиж ОХУ-ын дипломатуудыг эх орноосоо хөөхөөр болжээ.
Энэ мэтчилэн Европын холбооны 14 улс, АНУ, Канад зэрэг орнууд ОХУ-ын нийт 100 гаруй дипломатууд эх нутаг руу нь хөөж байна. Европын холбооны зүгээс тэднийг дөрөвдүгээр сарын 2-оос өмнө нутаг буцахыг шаардаж байгаа ажээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Дмитрий Песков ''Гадаад хэргийн яам энэ асуудалд дүн шинжилгээ хийж байна. Үүний дараагаар, Владимир Путин хариу арга хэмжээ авах болно' гэж мэдэгдэв.
Харин Москвад суугаа АНУ-ын Элчин сайд Жон Ханстман '' АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тагнуулын үйл ажиллагаа явуулж буй Оросын дипломатуудыг нутаг буцахыг шаардлаа. Энэ бол Солсберьд болсон хадлагатай холбоотойгоор авч буй хариу арга хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ ОХУ хариуцлагатай байх юм бол бид цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой'' гэсэн байна.
Европын холбооны гишүүн 14 улс орноос гадна Албани ч гэсэн Оросын хоёр дипломатыг персона нон грата хэмээн мэдэгдэв.
Харин Оросын судлаачид '' Энэ бол ОХУ-д үзүүлж буй барууны дарамт, шахалт. Тэд оросыг үндэсний ашиг сонирхлоосоо татгалзаж, гадаад бодлогодоо өөрчлөлт оруулахыг хүсч байгаа. Гэхдээ тэд зорилгодоо хүрч чадахгүй. Орос улс хариуд нь улс тус бүрийн дипломатуудыг хөөх болно'' гэж дүгнэв.
Харин Австри улс Европын холбооны улс орнуудын гаргасан шийдвэртэй нэгдэхээс татгалзав. Тус улс Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор гаргаж буй бусад улс орнуудын шийдвэрийг дэмжиж байгаа ч энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдэв. ''Бид төвийг сахисан улс тул Оросын дипломатуудыг хөөе гэж бодохгүй байна. Харин бид Өрнө болон Дорнын гүүр нь байх болно'' гэдгээ Австрийн канцлер Себастьян Курц мэдэгдэв.
Харин Европын холбооны шийдвэрийг Украин улс дэмжсэн юм. Тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчийн мэдээлж буйгаар, Скрипалийн хэрэгт ОХУ буруутай гэх нотолгоо бий гэсэн ч чухам ямар нотолгоо болохыг дурдаагүй юм. Гэхдээ Украины Дээд Радагийн дэд дарга ОХУ-ын хариу арга хэмжээнээс сэрэмжилж буйгаа нуугаагүй юм. Учир Тэд ОХУ-аас Украины дипломатуудыг хөөх бий гэдгээс болгоомжилж байна гэв.
Харин Словаки улсын хувьд Оросын дипломатуудыг хөөхөөс өмнө тэдэнтэй ярилцах нь чухал гэж үзэн ОХУ-ын элчин сайдтай уулзахаар болсноо мэдэгдэв. Тус уулзалт нь өнөөдөр /2018.03.27/ товлогджээ.
Сэтгэгдэл (4)