Ням гарагийн орой Сибирийн Кемерово хотын худалдааны төвд түймэр гарч, сүүлийн байдлаар 64 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. Галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч тус төвийн ослын гарцууд түгжээтэй байсан нь хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэнэ.
Сошиал сүлжээнд шатаж байгаа төвийн барилгын цонхоор хүмүүс үсэрч байгаа дүрс бичлэгүүд тарж байсан юм. Тэдгээрийн нэг дээр бага насны хүү цонхоор үсэрч буйг харуулжээ.
Тэр хүү нь 11 настай Сергей Москаленко байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. Хүү тэр өдөр эцэг, эх, 4 настай охин дүүгийн хамт малгай худалдаж авахаар Зимняя Вишня худалдааны төвд ирээд байжээ.
Энэ үед хүүхдүүд тоглоом тоглохыг хүссэнээр галын голомт болсон газарт хүрсэн байна.
Хүү цонхоор үсэрч олон тооны бэртэлтэй амьд үлдсэн бол гэр бүлийн бусад гишүүд нь амиа алдацгаажээ.
Хүүгийн зүрх, уушги, бөөр, элэг гэмтэж, сүүж нь хугаран, шанааны яс нь цуурсан байна. Гэхдээ биеийн байдал нь сайжирч байгааг эмч нар мэдээлжээ. Түүний хоёр эмээ нь Сергей хүүг эмнэлэгт сахиж, гэр бүлийнхэн нь үрэгдсэнийг хэрхэн дуулгахаа шийдэж чадаагүй байгаа гэнэ.
Энэ мэт олон эмгэнэлт явдал Кемеорово хотын иргэдэд тохиолдоод байна.
Сэтгэгдэл (2)