Өнөөдөр Солонгосын дайнд амиа алдсан 20 хятад цэргийн цогцосны үлдэгдлийг Өмнөд Солонгосын Инчон дахь цэргийн ангид хүргэн байрлуулжээ.
Зарим нь бараг бүтнээрээ байгаа араг яснуудыг ширээн дээр дэлгэн байрлуулсан байгаа ба удахгүй тус тусд нь хайрцаглаж Лхагва гарагт Хятад руу илгээх юм.
2013 онд Өмнөд Солонгос-Хятад улсуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тав дахь хэсэг цогцосны үлдэгдэл эх нутаг руугаа буцаж байгаа нь энэ.
Өнгөрсөн хугацаанд нийт 569 цэргийн үлдэгдлийг Хятад руу илгээжээ. 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайнд коммунист Хятад улс Хойд Солонгосыг дэмжин оролцож байв. Өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэгийн шийдвэрээр амь үрэгдсэн Хятад цэргүүдийн үлдэгдлийг эх нутагт нь буцаах болсон нь хоёр орны харилцааг сайжруулахад чиглэсэн юм.
1950 оны сүүлээр АНУ тэргүүтэй НҮБ-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчин Хойд Солонгосын армийг Хятадын хил хүртэл ухрааж байв. Энэ үед Мао Зэдун хэдэн сая цэргээ илгээж Хойд Солонгосыг ялагдлаас аварсан юм.
Өмнөд Солонгос, АНУ, НҮБ-ын хүч эргэн ухарч Сөүлийг хүртэл алдаад байжээ. Сүүлд Сөүл хотыг эргүүлэн авсны дараа өнөөдрийн хоёр Солонгосын хилийг тогтоосон юм.
Дайнд амь үрэгдсэн Хятад цэргийн тоог янз бүрээр мэдээлдэг. Барууны орнууд 400,000 гэдэг бол Хятадын тал 180,000 гэж мэдээлдэг байна.
Энэ удаагийн цогцосны үлдэгдлийг Өмнөд Солонгосын зүүн хойд Гангвон мужийн хэд хэдэн газраас малтаж гаргажээ. Мөн хоёр Солонгосын хилээс холгүй Хойд Солонгосын хэдэн зуун цэргийн цогцосны үлдэгдэл хадгалагдаж байдаг ч Сөүлийн буцааж өгөх саналыг Пёньян хүлээж авахаас татгалздаг байна.