ОХУ-ын Сибирийн Кемерово хотын худалдааны төвд Ням гарагийн орой их хэмжээний түймэр гарч доод тал нь 37 хүний амь үрэгдээд байна.
Тус хотын “Өвлийн интоор” нэртэй худалдааны төвд гарсан гал кино театраас эхэлсэн тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэхээр байгаа юм. Галаас зугтсан хүмүүс барилгын цонхоор үсэрч байгааг сошиал сүлжээнд тарсан дүрснүүдээс харж болохоор байна.
Кемерово бол Москва хотоос зүүн зүгт 3,600 км зайтай оршдог, Оросын нүүрс олборлолтын гол төв юм. Галын шалтгаан тодорхойгүй байна.
Просто ад
“Өвлийн интоор” (Зимняя вишня) төв нь 2013 онд ашиглалтад орсон, кинотеатр, ресторан, сауна, боулинг, хүүхдийн тоглоомын газар бүхий томоохон байгууламж юм.
Гал түймэр оройн 17:00 цагийн орчим анх эхэлсэн байна. Түймрийн улмаас кинотеатрын дээвэр нурсан тухай аврах албаныхан мэдээлжээ.
Галд автсан талбай нь 1,500 м.кв хүрээд байгааг Кемеорово мужийн онцгой байдлын албаны дэд дарга Евгений Дедюхин хэлсэн байна. “Манай 288 аврагч, гал унтраах 62 нэгж, агаарын хүчнийхэн гал гарсан газар ажиллаж байна” гэж тэр нэмж ярьжээ.
Одоогоор 120 орчим хүнийг галаас авраад байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC