Баасан гарагт Францын өмнөд хэсгийн Требес хотын супермаркетад зэвсэгт этгээд олон хүнийг барьцаалсан билээ. Барьцаалагч нь Морокод төрсөн Францын иргэн 25 настай Редуан Лакдим гэгч байсныг албаныхан олж тогтоосон юм.
Тэрээр нийт 3 хүнийг буудан хороож, 16 хүнийг шархдуулсныхаа дараа цагдаа нарын довтолгоонд өртөж алагдсан байна.
Лакдим нь 2015 оны Парисын террорист халдлагыг зохион байгуулсанд сэжиглэгдэн хоригдож байгаа Салах Абдесламыг суллахыг шаардаж байв.
Тэр бас өөрийгөө Исламын улс зэвсэгт бүлэглэлийн гишүүн гэж мэдэгдсэн юм.
Цагдаа нар барьцаанд байсан хүмүүсийг суллаж чадсан ч Лакдим нэг эмэгтэйг үлдээгээд байжээ. Энэ үед Францын Үндэсний Жандармын албаны дэд хурандаа, 45 настай Арно Белтрам барьцаанд үлдсэн эмэгтэйгээр өөрийгөө солих санал тавьж, улмаар солигдон барьцаалагджээ.
Тэр солигдохдоо гар утсаа залгаатай хэвээр үлдээсэн тул дэлгүүр дотор юу болж байгааг цагдаа нар сонсож байсан гэнэ. Эцэст нь Белтрамын утаснаас буун дуу сонсогдоход тусгай хүчний дайчид дэлгүүрт дайран орж Лакдимыг буудсан байна.
Харин Белтрам хүнд шархдсан байдалтай олджээ.
Түүний амийг аврахаар шуурхай ажилласан боловч өчигдөр буюу Бямба гарагт эмнэлэгт нас барсан байна. Ингэснээр энэ удаагийн халдлагаас амиа алдагсдын тоо дөрөв болон нэмэгдэж байгаа юм.
Францын баруун Британ мужид төрж өссөн Белтрам тус улсын батлан хамгаалахын элит академийг төгссөн байна. Тэр Иракт хоёр жил алба хааж, Францын ерөнхийлөгчийн суудаг Элиссейн ордны хамгаалалтад ажиллаж байсан шилдэг цагдаа байсан бөгөөд 2016 онд дэд хурандаа цол хүртэж байжээ.
Мөн түүнийг ирэх зургаадугаар сарын 9-нд гэрлэхээр бэлдэж байсныг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна. Белтрам нь гэргий Мэриелтэй хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн боловч сүмийн ёслолоо үйлдээгүй хүлээж байжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Белтрамын эр зоригийг магтан сайшааж, “үндэсний баатар” хэмээн өргөмжилсөн байна. Мөн тус улсын дотоод хэргийн сайд Жерар Колломб “Тэр улс орныхоо төлөө амиа алдлаа. Франц орон түүний эр зориг, баатарлаг үйлс, золиосолсон амийг хэзээ ч мартахгүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Le lieutenant-colonel Arnaud Beltrame nous a quittés.
Mort pour la patrie.
Jamais la France n’oubliera son héroïsme, sa bravoure, son sacrifice.
Le coeur lourd, j’adresse le soutien du pays tout entier à sa famille, ses proches et ses compagnons de la @Gendarmerie de l’Aude.
Энэ удаагийн террорист халдлага нь Эммануэл Макроныг ерөнхийлөгч болсноос хойшх анхны тохиолдол, Франц улсад тогтоосон онц байдлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цуцалсны дараах анхны тохиолдол болж байна.