Хойд Солонгосын тал ирэх долоо хоногт БНСУ-тай хоёр улсын Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт зохион явуулах саналыг хүлээж авсан тухай тус улсын албаны хүмүүс мэдээлжээ.
БНСУ-ын Солонгосын нэгдлийн төлөөх яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар талууд уулзалтыг ирэх пүрэв гаригт /2018.03.29/ Цэрэггүй бүсийн Панмунжон тосгонд товлосон гэнэ.
Уулзалтад Хойд Солонгосын талаас тус улсын ахлах дипоматч Ри Сун Воноор ахлуулсан гурван төлөөлөгч оролцох ажээ. Харин уулзалтад БНСУ-ын төлөөлөгчдийг Солонгосын нэгдлийн төлөөх яамны сайд Чо Мен-гён ахлах гэнэ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар Хойд Солонгос, БНСУ болон АНУ оролцсон гурван талт уулзалт зохион явуулах боломжтой талаар мэдэгдсэний дараа хоёр улсын засгийн газар хоорондын уулзалт товлогдсон байна.
Мун Жэ Иний хэлснээр ирэх сард болох хоёр Солонгосын удирдагчдын түүхэн дээд хэмжээний уулзалтын өмнө хоёр орны Засгийн газар хоорондын хэд хэдэн уулзалт явуулахаар төлөвлөж байгаа ажээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг хоёр орны харилцаанд шинэ уур амьсгал авчирч, эерүүлэх зорилготой уулзалт гэж олон улсын ажиглагчид харж байгаа юм. Энэ уулзалтаас тавдугаар сард товлосон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт ихээхэн шалтгаалах ажээ.