Баасан гарагийн өглөө Францын өмнөд хэсгийн Каркассон хотод Мороко гаралтай этгээд цагдаагийн дөрвөн ажилтан руу гал нээсэн байна.
Дараа нь тэр машин хулгайлж зугтахдаа жолоочийг нь буудаж хөнөөжээ. Улмаар зүүн зүгт 8 км зайтай орших Требес хотын супермаркетыг эзлэн олон хүнийг барьцаалсан юм.
Барьцаалагч нь 26 настай Редуан Лакдим гэгч болохыг сүүлд олж тогтоожээ. Тэрээр 2015 онд Парист халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа Салах Абдесламыг суллахыг шаардаж байсан гэнэ.
Хэрэг явдлын дундуур 45 настай цагдаагийн офицер барьцааны хүмүүсээр өөрийгөө солихыг санал болгож, улмаар дэлгүүрт нэвтэрч барьцаалагджээ. Олон цагийн дараа Францын элит хүчний дайчид дэлгүүрт дайран орж, барьцаалагчийг буудан хөнөөснөөр асуудал шийдэгджээ.
Уг хэргийг Исламын Улс бүлэглэл үйлдсэнээ зарласан байна. Гэхдээ Лакдимыг терорист бүлэгтэй холбоотой гэх нотолгоо олдоогүй байгаа гэнэ. Лакдим өмнө нь жижиг хулгай, хар тамхи зарсан хэрэг үйлдэж байсан нь цагдаагийн бүртгэлд үлдсэн байжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг хэргийг “Исламын терроризм” гэж нэрлэсэн байна. Мөн тэр барьцаалагдсан олон хүний амийг аварч, одоо эмнэлэгт бие нь хүнд байгаа цагдаагийн офицерын эр зоригийг магтан сайшаажээ.
Одоо цагдаа нар Лакдимын амьдарч байсан Каркассон хотын дүүрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2015 оноос хойш Франц улсад гарсан халдлагуудын улмаас нийт 240 гаруй хүн амиа алдаад байгаа юм. Тэдгээрийг Исламын Улс зэвсэгт бүлэглэлтэй холбоотой, эсвэл уг бүлэглэлд үнэнчээ илэрхийлсэн этгээдүүд үйлдээд байна.