Генерал Макмастер Трампын хамт
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх, генерал Х.Р.Макмастер ажлаа өгч байгааг өчигдөр Цагаан ордноос мэдээллээ.
Түүнийг Жорж Бушийн засаг захиргаанд ажиллаж байсан, дайнч үзэл бодолтойгоороо алдартай Жон Болтон залгамжилж байна.
Генерал Макмастерыг эртнээс Трамптай санаа нийлдэггүй, хэзээ мөдгүй халагдах хүн гэж ярьдаг байсан. Гэвч түүний оронд томилох хүн олдохгүй байсан нь өнөөг хүртэл хойшлуулах ганц шалтгаан болсон гэдэг.
Өнгөрсөн долоо хоногт Трамп төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоныг чөлөөлж байгаагаа твиттер хуудсандаа зарласан. Түүний өмнө Трампын эдийн засгийн гол зөвлөх Гэри Кон мөн ерөнхийлөгчтэй санаа нийлээгүйгээс ажлаа орхисон юм.
Жон Болтон
Өчигдөр Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Өөрчлөлт үргэлж явагдаж байдаг. Та нар ч гэсэн өөрчлөлтийг хүсэж байгаа гэж би бодож байна. Надад олон янзын санаа бодол сонсох хэрэгцээ байгаа” гэж хэлсэн байна.
Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзах, Ираны цөмийн гэрээний асуудлыг шийдэхээсээ өмнө өөртэйгээ санаа нийлэх хүнээр зөвлөхөө сонгож байгаа бололтой.
Дайнч, түрэмгий үзэл бодолтой гэгддэг Жон Болтоныг шинэ албан тушаалд томилогдохоосоо өмнө “ажиллах хугацаандаа ямар нэг дайн эхлүүлэхгүй” гэсэн амлалтыг Трампад өгсөн тухай зарим эх сурвалж мэдээлж байна.