Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Их Хурлын жил тутмын чуулган хоёр долоо хоног гаруй хугацаанд үргэлжилж өнөөдөр хаалтаа хийлээ.
Энэ жилийн чуулганаар үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ши Жиньпинд бүх насаараа улсыг удирдах боломж олгосон юм.
Тэр өнөөдөр чуулганы хаалтын үгийг хэлэхдээ хэд хэдэн чухал санааг ард иргэддээ болон дэлхий нийтэд хандан илэрхийлжээ.
Ши Жиньпин улс үндэстнээ “дэлхий дээр байх ёстой байранд нь хүргэнэ” гэж хэлсэн нь Хятадын хөгжлийг цаашид дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүргэнэ гэсэн санаа байлаа. Гэхдээ ингэхийн тулд их хүч хөдөлмөр хэрэгтэйг тэр хэлэхдээ “Хятадууд эрт цагаас үнэгүй зүйл гэж байдаггүйг ойлгосон хүмүүс. Аз жаргалыг олохын тулд тэмцэх ёстой” гэжээ.
Үүний хажуугаар Ши Жиньпин бас Хятадын хөгжлийн түрэлтээс болгоомжилж байгаа дэлхий нийтэд хандан “Хятадын хөгжил ямар ч улс үндэстэнд аюул учруулахгүй” хэмээн хэлж өмнөх санаагаа зөөлрүүлсэн байна.
“Бусдыг айлгаж сурсан этгээд л бүхнийг аюул гэж хардаг” гэж хэлсэн нь АНУ тэргүүтэй өрнөдийнхөнд хандаж хэлсэн үг бололтой.
Ши Жиньпин бас Тайвань, Хонг Конг зэрэг газар нутгийг хэзээ ч алдахгүй гэдгээ илэрхийлсэн хатуу үгсийг чуулганы индэр дээрээс хэллээ.
“Хятадыг хуваах гэсэн ямар ч үйлдэл, арга заль бүтэлгүйтэж, ард түмний зэмлэл, түүхийн шийтгэлийг амсах болно” гэж түүнийг хэлэхэд чуулганы төлөөлөгчид нижигнэтэл алга ташсан байна.
Тэр бас “Хятадын ард түмэн өөрийн газар нутгаас өчүүхэн хэсгийг ч алдахыг огт хүлээн зөвшөөрөхгүй” гэж хатуу сануулсан юм.
Харин түүний дараа ерөнхий сайд Ли Кэчянь илүү хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд хандсан үг хэлсэн байна.
Ли Кэчянь “Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай гүнзгий уялдаатай болсон тул Хятад улс хаалгаа хаана гэдэг нь өөрийн хөгжлийг зогсооно гэсэн үг юм” гээд “Дотоодын болон гадаадын бүх төрлийн компаниудад Хятадын өргөн том зах зээлд шударга зарчмаар өрсөлдөх боломж олгох нь манай зорилт” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian