“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оролцогч, жүжигчин Стивен Сигалыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн хоёр ч эмэгтэй буруутгаж мэдээлэл хийжээ. Энэ тухай мэдээлэл АНУ-ын Good Morning America сайтад өнөөдөр нийтлэгдсэн байна.
Режина Симонс, Фавиала Дадис гэх эмэгтэйчүүд өөрсдийнхөө өмгөөлөгч Лиза Бломын хамтаар хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдэгдсэн байна. Түүнчлэн эмэгтэйчүүд нь Лос-Анжелесын цагдаагийн газарт мэдээлж хамтран ажиллахаар болсон тухайгаа хэлжээ.
Бүсгүйчүүд тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлсэн ч жүжигчин ямар ч нотолгоо гэрчгүй тул худал хэлж байгаа хэмээн үгүйсгэж байсан аж.
Хэвлэлийн хурлын үеэр бэлгийн хүчирхийлэлд өрсөн гэх Симонс “Би 1994 онд On Deadly Ground киноны зураг авалтын үеэр Сигалтай танилцсан. Тэр намайг гэрийн партинд урьсан. Намайг очиход биднээс өөр хэн ч гэрт нь байгаагүй. Тэгээд намайг ойролцоох өрөөнд аваачин үнсэж, хувцсыг нь тайлж эхэлсэн. Тэр надаас нас, биенийхээ хувьд хоёр дахин том байсан болохоор би өөрийгөө хамгаалж дийлээгүй. Түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Энэ явдалд ямар ч зөвшилцөл байгаагүй шүү. Би хөдөлж чадахгүй, уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байсан. Өрөөнд тухайн үед Сигалын эхнэр байсан Кэлли ЛэБрокын зураг өлгөөтэй байсан. Болсон явдлын дараа Сигал надад хэрэв мөнгө хэрэгтэй бол холбогдоорой гэсэн. Би үгүй гэж хэлээд гүйж гарсан. Тэр цагаас хойш түүнтэй юм яриагүй. Энэ нь надад маш хэцүү бараг там шиг санагдаж байсан. Өнгөрсөн 25 жилийн турш би шаналал дунд ажиллаж амьдарч байсныг маань Сигал мэдээсэй гэж хүсэж байна. Бас уучлалт гуйгаасай гэж хүсэж байна” хэмээжээ.
Харин Стивен Сигалыг бэлгийн дарамтад өрсөн гэх загвар өмсөгч Дэдис “Би 2002 онд Чингис хаан киноны зураг авалтын үеэр анх түүнтэй танилцсан. Тэр үед би 17 настай байсан. Нэг өдөр “W” зочид буудлын өрөөнд усны хувцастай шалгаруулалтад ирээрэй гэсэн. Намайг очиход буудлын өрөөнд Сигал болон түүний бие хамгаалагчаас өөр хүн байгаагүй надад их сонин санагдсан. Тэр намайг мууран алхаа хийхийг шаардахад нь би бол жүжигчин, ийм үйлдэл хийх надад таатай биш байна гэдгийг хэлсэн. Гэтэл тэр хил хязгаараас давсан үйлдэл гаргаж илж таалж эхэлсэн. Тэр даруйд эсэргүүцэн хашхирч хувцсаа цуглуулсан. Стивен Сигал юу ч болоогүй юм шиг тайван сууж байсан. Гэтэл надад үнэхээр аймшигтай байсан” хэмээжээ.
Сэтгэгдэл (1)