Жолоочгүй зорчих программ суулгасан автомашин хүн дайрсан хэрэг АНУ-ын Аризона мужид гарчээ. Осол орон нутгийн цагаар даваа гаригт (Монголын цагаар урьд шөнө) гарчээ. Энэ нь жолоочгүй автомашины технологи хөгжүүлж байгаа компаниудын хувьд том цохилт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг автомашиныг туршиж байсан “Uber” компани нь энэ ослын дараа Аргизона, Питтсбург, Торонтод явуулж байсан ижил төрлийн туршилтуудаа зогсоосноо мэдэгдсэн байна.
Роналд Элкок.
Автомашиныг жолоочгүй, тусгай программ хангамж ашиглан удирдлагаар хангах технологийг ирээдүйтэй гэж тооцон хөгжүүлж байсан Uber, Alphabet Inc (хуучнаар Google), General Motors Co энэ төсөлдөө тэрбумаар тоологдох хөрөнгийг зарцуулчихаад байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид ч маш ихээр сонирхож байсан юм. Харин энэ явдлын дараа хөрөнгө оруулалт багасах вий хэмээн технологийн компаниуд санаа зовниж байна.
Ардчилсан намын гишүүн, Тээврийн зөвлөлийн гишүүн Эдвард Марки “Жолоочгүй автомашиныг жинхэнэ зам дээр туршихдаа онцгой анхаарал хандуулах ёстой гэдгийг энэ удаагийн осол харууллаа” гэж мэдэгджээ.
Нас барсан эмэгтэй 49 настай Элейн Херцберг Феникс Пемпе хотын иргэн бөгөөд дөрвөн эгнээтэй замын хажуугийн явган хүний замаас автомашин зорчих хэсэг рүү орж ирсэн бололтой. Тэр үед жолоочгүй машин 40 миль буюу 65 километр цагийн хурдтай явж байжээ. "Автомашинд суурилуулсан видео бичлэгээс харахад эмэгтэй хэтэрхий хурдан зам дээр гарч ирсэн учир ослоос зайлсхийхэд хэцүү байсан" гэсэн мэдээллийг Темпегийн цагдаагийн удирдах газрын нарийн бичгийн дарга Рональд Элкок өгч байгаа аж. Тэрээр мөн талийгаач Херцбергийг автомашин ирж явааг харалгүй зам дээр гарч ирсэн, орон гэргүй байж магадгүй гэсэн зүйлсийг ярьсан байна.