Баруун гар талд Жонатан Эдлтон Монголын армийн офицерийн хамт
2009-2012 оны хооронд Монгол улсад суух АНУ-ын элчин сайд, 2001-2004 оны хооронд USAID байгууллагын Монгол дахь захирлаар ажиллаж байсан Жонатан Эдлтон ирэх тавдугаар сард товлогдоод байгаа Трамп-Кимийн түүхэн уулзалтыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахад хамгийн тохиромжтой тухай саяхан бичжээ.
Тэр одоо Жиоржиа мужийн Мэкон дахь Мерсер их сургуульд олон улсын харилцааны хичээл заахын хажуугаар Монгол Судлалын Америкийн Төвд гүйцэтгэх захирлын алба хашдаг юм.
Ноён Эдлтон Global Atlanta сайтад нийтлүүлсэн өгүүлэлдээ Монгол улсыг АНУ-Хойд Солонгосын түүхэн уулзалтыг зохион байгуулах газрын хамгийн логиктой, зөв сонголт гэж дүгнэжээ.
Тэрээр Монгол улс хоёр Солонгостой ижил тэгш харилцаатай, ялангуяа Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болохыг түүхэн баримт дурдан онцолсон байна. Мөн Солонгосын дайны үед болон дараа Хойд Солонгосын өнчин хүүхдүүдийг Монголд асран хүмүүжүүлж байсан найрсаг харилцааг энд өгүүлжээ.
Үүнээс гадна 1990-ээд оноос хойш Монголчууд Өмнөд Солонгостой эдийн засгийн гүн гүнзгий харилцаатай болсныг бичсэн байна.
Олон жил өнөөдрийн Хойд Солонгостой адил хаалттай улс байсны эцэст Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Монголчуудын хийсэн өөрчлөлт шинэчлэлт, ардчилсан нийгэмд шилжсэн туршлага нь Пёньянд үлгэр дууриал болох загвар юм гэдгийг Эдлтон гуай бас өгүүлжээ.
Эцэст нь зүүн хойд Азийн бүс нутагт зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг олон жилийн турш хүсэж, эрмэлзэж ирсэн Монгол улсын хувьд түүхэн боломж ирж байгааг тэр онцлон дурдаад өгүүллээ төгсгөсөн байна.
Эх сурвалж: Global Atlanta
Сэтгэгдэл (2)