Сүүлийн үед Пакистан Улсын өсвөр насны охид шатрын спортыг маш их сонирхон хичээллэх болжээ. Тус улсад жирийн улсын сургуулийн охид хувийн сургуулийн хөвгүүдтэй тоглоход илт харьцангуй ялалт байгуулах нь олонтаа.
Карачи хотын зарим улсын сургуулийн охидын дасгалжуулагчдын хэлж буйгаар “Манай ихэнх охин шатрын тэмцээнд хөвгүүдийг амархан хождог болсон. Томоохон үндэсний хэмжээний тэмцээнүүдийн эхний таван байрыг төвөггүйхэн эзэлдэг болоод удаж байна” гэжээ.
Шатрын спортод 4-8 дугаар ангийн охид хамгийн их анхаарал хандуулж хичээллэж байгаа аж.
Охид шатраар хичээллэж, үеийн хөвгүүдээ хожиж буй нь охидыг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, тэднийг илүү их баяр баясгалантай болгож байна хэмээн дасгалжуулагч нар хэлж байв.
“Шатар бол зүгээр нэг тоглоом, спорт биш юм. Үүгээр хичээллэснээр хүүхдүүд ямар нэгэн хүнд нөхцөл байдалтай нүүр тулгарахад зөв шийдвэр гаргахад нь их тусалдаг” хэмээн Пакистаны нэрт дуучин Шехзад Рой тэмдэглэсэн байна. Тэрбээр Пакистан Улсын зарим асрамжийн газар болон улсын сургуулийг санхүүжүүлэн, боловсролын системийн чанарыг сайжруулахын тулд сайн дураар ажилладаг нэгэн.
Хүүхдүүдийг шатраар хичээллүүлснээр өнөөгийн зөрчил мөргөлдөөнт үед ирээдүйн стратегийн шийдвэр гаргагчид болгон зөрчил мөргөлдөөн шийдвэрлэгч нарыг бэлтгэх боломжтой гэж Шехзад Рой нэмж хэлжээ.
Тухайлбал, түүний санхүүжүүлдэг нэгэн сургуулийн шатрын мастер охидын нэг 15 настай Бушра Макашуу зургаадугаар сард АНУ-ын энхтайвны баазад болох зөрчил мөргөлдөөнт улсуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой өсвөр насны хүүхдүүдийг хамруулсан хуралд уригдсан байна. Охин англи хэлээр муу ярьдаг бөгөөд Пакистан Улсыг нэг ч орхиж, онгоцонд сууж үзээгүй атлаа огт айхгүй байгаа ажээ.
Ийнхүү дэлхий ертөнц охид, эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш эрхийг хангахын тулд төрөл бүрийн арга замыг эрэлхийлж байна.
Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийн зөвлөмжинд ихэвчлэн охид, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэх, бага наснаас хэвшсэн ойлголтыг арилгах нь чухал нөлөөтэйг онцолдог. Тиймээс ч Пакистанд охидын боловсрол, өөртөө итгэх итгэлийг шатраар дамжуулан олгож байна.