ОХУ-ын Тагнуулын газрын экс хурандаа Сергей Скрипалийг хордуулсан бодис түүний охины чемоданд байсан тухай тусгай албаны эх сурвалжийн мэдээний дагуу "Telegraph" сонин мэдээлсэн байна. Бүсгүйн ямар нэгэн зүйлд уг бодисыг шингээсэн байж болох талтай гэж эх сурвалж ярьжээ. Гэртээ ирээд чемоданаа онгойлгох үеэр уг бодис байранд нь тархсан гэж үзэж байгаа аж.
Сэтгэл мэдрэлийн системийг хордуулах "Новичок" хэмээх химийн хорт бодисыг бүтээхэд оролцож байсан эрдэмтэн Вил Мирзаянов өмнө нь мэдэгдэхдээ экс хурандаа Сергей Скрипаль хордсон бодисыг зөвхөн хуучин ЗХУ ба өнөөгийн ОХУ-д бүтээсэн ч гэсэн түүнийг янз бүрийн орнуудад хийж чадна гэсэн байна. Британийн мөрдөн байцаагчид Скрипалийг хордуулсан бодисыг 96 хувийн магадлалтайгаар тогтоож чадсан гэж тэр мөн хэлжээ. Энэ бодисыг шинжилсэн Британийн химийн зэвсгийн нууц лаборатори экс хурандааг хордуулсан Солесбри хотоос 13 км-ын зайтай байдаг аж.
Энэ үеэр НҮБ-ын биологийн зэвсгийн асуудал эрхэлсэн комиссын гишүүн асан Игорь Никулин мэдэгдэхдээ, экс хурандааг хордуулсан "Новичок" гэх төрлийн хор нь яагаад ч түүний охины чемоданд байх боломжгүй гэжээ. Учир нь энэ хий онцгой хурц үнэртэй гэнэ.
Сэтгэгдэл (2)