АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ярьсан зүйл зарим Япончуудын инээдийг хүргэж, заримыг нь гайхахад хүргэжээ.
“The Washington Post” сонинд бичсэнээр Трамп өнгөрсөн Пүрэв гарагт өөрийн дэмжигчидтэй хийсэн уулзалт дээр Япончууд АНУ-ын үйлдвэрлэгчдийн автомашиныг өөрийн зах зээлд нэвтрүүлэхгүйн тулд маш хатуу шалгуур тавьдаг гэж ярьсан байна.
“Тэд боулингийн бөмбөгийг 20 футийн (6 метр) өндрөөс автомашины дээрээс унагадаг. Ингэхэд машины эх бие гэмтвэл шаардлага хангаагүй гэж үздэг. Жаахан ч гэсэн сэв үүсвэл шууд хасдаг. Тэд ийм л аймшигтай аргаар бидэнтэй харьцдаг юм даа” гэж Трамп ярьсан гэжээ.
Японы интернэт хэрэглэгчид энэ мэдээллийн дор Трампын тэнэгийг гайхаж, шүүмжлэн бичицгээсэн байна. Зарим нь “хэрвээ ийм шалгуурыг давах машин байвал би худалдаж авахад бэлэн байна” хэмээн хошигножээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Трампын хэлсэн үгийг “хошигнол байсан” гэж тайлбарласан байна.
Гэхдээ зарим мэргэжилтнүүд Трампын ярьсан зүйл нь Японы Автомашины Аюулгүй Байдлын Үндэсний Нийгэмлэгийн явуулдаг сорилын тухай байх гэжээ. Тухайлбал автын ослын үед зорчигчийн бэртэж гэмтэх эрсдлийг үнэлэхийн тулд хиймэл хүн суулгасан автомашинд иймэрхүү туршилтууд хийдэг гэнэ.
Дональд Трамп гадаадын улс орнуудтай хийдэг худалдааны шударга бус нөхцлийг байнга шүүмжилж байгаа. Тухайлбал Японы автомашин Америкийн зах зээлийг эзэлж байхад Америк үйлдвэрлэгчийн ганц ч машин Японы зам дээр байхгүй байгаад бухимддаг юм. Тэр Германы автомашин үйлдвэрлэгчдэд мөн шүүмжлэлтэй ханддаг.
Нэг удаа ийм шүүмж хэлснийх нь дараа Германы засгийн газрын гишүүн “Америкчууд Германд машинаа нийлүүлэхээсээ өмнө чанартай машин үйлдвэрлэж чаддаг болох хэрэгтэй” гэж хариу шүүмжилж байсан юм.