Голландын Гаага хотод төвтэй Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын ерөнхий захирал Юзүмцү мэдэгдэл гаргаж Ирак улс химийн бүх зэвсгээ устгасанд баяр хүргэжээ. Тэрээр энэ сарын 13-нд Иракийн засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авах үедээ “Миний бие энэ амжилтыг сайшааж байна. Химийн зэвсгийг хориглох конвенцид заасан үүрэг хариуцлагаа биелүүлэхийн төлөө аюултай химийн зэвсгийг бүх талаар устгахад Иракийн засгийн газар маш их хичээл зүтгэл гаргалаа. Үүнд баяр хүргэж байна” гэж хэлснийг албан мэдээнд тэмдэглэжээ.
Ирак улс 2009 оны гуравдугаар сард өөрийн нутагт байсан химийн зэвсгийн хоёр агуулахын талаар мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед эдгээр химийн зэвсгийг аюулгүйн баталгааг хангах зэрэг асуудлыг шийдэж чадаагүйн улмаас устгаж чадаагүй байсан юм. Энэ асуудлыг зохицуулж, 2017 оноос химийн зэвсгээ устгаж эхэлсэн юм байна. Одоогоор тус улсын нутагт байсан химийн зэвсгийн дөрвөн үйлдвэрийг устгажээ.Химийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэж байсан нэг үйлдвэрийг өөрчлөн Химийн зэвсгийг хориглох конвенцийн дагуу өөр зориулалтаар ашиглахаар болсон байна. Уг үйлдвэрийг химийн зэвсгийг хориглох байгууллага шалгахаар болжээ.